Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЗООНОЗЫН САЛБАРЫГ ЧАДАВХИЖУУЛЖ, АЖИЛЛАГСДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД АНХААРЧ БАЙНА


Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр /2024-04-11/ болж буй Зоонозын  салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохдоо онцлон тэмдэглэв.



Энэ удаагийн зөвлөгөөнийг “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээний чадавхыг бүсчлэн хөгжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж,  салбарын үйл ажиллагаагаа “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутгийг бүсчлэн хөгжүүлж  хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, аймаг, бүс нутаг хоорондын тэгш бус, тэнцвэргүй байдлыг багасган бүсүүдийн хөгжлийн түвшинг эрэмбэ дараатай дээшлүүлэх зорилгоор салбар бүрийг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалтай нийцүүлэхийг  удирдлагын түвшинд зөвлөлдөж, цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх талаар ярилцаж байна.



С.Чинзориг сайд зөвлөгөөнд оролцогчдод хандаж  хэлсэн үгэндээ “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг 2023 онд УИХ-д өргөн барьснаар 2024 оны нэгдүгээр сарын 12-нд  батлуулан энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн салбар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хоёр хуулийг хослуулан хэрэгжүүлэх буюу хос түшиг тулгууртай болсон. Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааг хийх, иргэдийг эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэнэ. Энэ нь зоонозын салбарын үйл ажиллагаатай бүрэн хосолж байгаа нь та бүгдийн үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байна. Хоёр долоо хоногийн өмнө болсон Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр 2024 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгосныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зоонозын салбарынхныг манлайлж, идэвх санаачилгатай ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Тэрбээр 2023 онд эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарсан зарим асуудлууд, ялангуяа хууль эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлогынхоо талаар товч танилцуулсан.
Сайд өнгөрсөн жил зоонозын салбарынхнаас гаргасан саналыг хүлээн авч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д санал өгч, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс тус салбарын хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдлийн хэмжээг  30 хувь болгон өөрчлөлт оруулж зоонозын салбарт ажиллагсдын цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэснээ дурдаад  цаашид зоонозын салбарын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангаж, мэргэжил, мэргэшлийг улам гүнзгийрүүлэхэд чиглэсэн цөөнгүй ажлыг төлөвлөөд байгаагаа дуулгалаа. Тухайлбал, хээрийн тандалт судалгаанд ажиллах хугацааны томилолтын зардлыг нэмэгдүүлэх, өвчлөлийн голомтод ажиллаж буй эмч, мэргэжилтний цалин хангамжийг Гамшгийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуулиар зохицуулалт хийж, цагдаа, онцгой байдлын алба хаагчидтай ижил түвшинд хүргэх асуудлыг хуульд тусгуулахаар санал оруулсан байна.
Мөн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд тусган,  Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар тус салбарт ажиллаж буй нийгмийн эрүүл мэндийн ажилтан /биологич, химич зэрэг/-ууд эмнэлгийн мэргэжилтний адил нийгмийн баталгаагаар хангагдах нөхцөлийг хуульчилсан зэрэг мэдээллийг өгсөн.
Зоонозын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцогчдод Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэрэгжилтийг хангах, цаашид зоонозын салбарын бүтэц, чиг үүргийг уг хуультай хэрхэн нийцүүлж ажиллах, тус салбарын ажиллагсдын нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хуульд оруулж буй өөрчлөлтийн талаарх мэдээлэл, танилцуулгыг хийж оролцогчдын асуултад хариулж, санал солилцлоо.
Зөвлөгөөний үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Амгаланбаяр 2023 оныг “Лабораторийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” жил болгон зарласны хүрээнд тус төв ISO:15189 д хамрагдаж, молекул биологийн оношилгооны аргаас “NGS“ технологийн аргачлал руу шилжиж, орон нутагт молекул биологийн оношилгоог нэвтрүүлэх хүрээнд 3,0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар молекул биологийн иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэн хүний нөөцийг бэлтгэснийг онцолж байлаа.



Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд Үндэсний төв болон орон нутгийн зарим ЗӨСТ-ийг тандалт судалгааны багаж тоног төхөөрөмж, хээрийн судалгааны багцуудаар хангагдаж уур амьсгалын өөрчлөлттэй зоонозын халдварыг тандан судлах бүрэн боломж бүрдсэн бол өнөөдөр зоонозын халдварт өвчнийг орон нутагт лабораторийн түвшинд иж бүрэн оношилж, хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг гардууллаа.
Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр MOН-G9218  төслийн хүрээнд аймаг, нийслэлийн Зоонозын өвчин судлалын 14 төвд нян судлал болон молекул биологийн оношилгооны 3.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 58 нэр төрлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.





Холбоотой мэдээ, мэдээлэл