Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ” АЯН ЭХЭЛЛЭЭ


“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Шүд эрүүл бол бие эрүүл” арга хэмжээ “Блю скай” зочид буудлын “Даймонд” танхимд боллоо.
Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл, ЭМЯ, БШУЯ, Боловсролын ерөнхий газар, НЭМҮТ, АШУҮИС, ЕБС-ийн  болон цэцэрлэгийн эмч нар оролцов. 
Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг өргөжүүлэх, хүүхдийг бага наснаас нь амьдралын зөв хэв маягт сургах, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэн болгож төлөвшүүлэхээр тусгасныг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Засгийн газрын гишүүд онцлон дурдсан.  



Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд Монгол Улсын Засгийн газраас шүд, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих,  шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн “Амны хөндийн эрүүл мэнд-1, 2”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл хүүхэд” аяныг тус тус зохион байгуулж, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн гээд эдгээр арга хэмжээний үр дүнд шүд, амны хөндийн эмгэгийн тархалтыг  бууруулж, бодлого, эрх зүйн орчныг сайжруулж, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, эмч мэргэжилтний тоо нэмэгдсэн хэдий ч шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгааг хэлж байлаа.



НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан уг арга хэмжээг цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой ажил болж байгааг онцолсон. Тэрбээр, бусад улс орнуудтай харьцуулахад монгол хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн асуудал яаралтай арга хэмжээ авах түвшинд хүрсэн. Амны хөндий нь хүний биеийн эрүүл мэндийн асуудалтай шууд хамааралтай учраас анхаарал хандуулж ажиллах нь маш олон эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хүүхдийн өсөлт, хөгжилд эерэгээр нөлөөлнө гэв.



Хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85  хувиас буураагүй, эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшөөгүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин нь бүрдээгүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болж байна.  



          Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв нь улсдаа төрөлжсөн нарийн мэргэшлийн үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц төрийн өмчит байгууллага гэдгийг Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн албаны дарга Б.Эрдэнэ-Сайхан хэлсэн. Тус байгууллага нь иргэдэд харьяалал харгалзахгүй нүүр ам судлал болон шүд, гажиг засал, согог заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд жилдээ 100 гаруй мянган хүнд амны хөндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, сургалт явуулдаг аж.
Сургууль, цэцэрлэгийн орчинд зарагдаж байгаа хямд, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр худалдан авдаг, 2 хүүхдийн 1 нь чихэрлэг ундааг,  5 хүүхдийн 4 нь чихэрлэг хүнсийг өдөр бүр хэрэглэдэг болохыг судалгаагаар тогтоосон. 2022 оны тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан 0-17 насны 3 хүүхэд тутмын 2-т нь 1-ээс дээш шүд цоорсон байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 51-р цэцэрлэгийн эмч Н.Цэцэг хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд шүдний өвчлөл харьцангуй нэмэгдсэн. Уг асуудалд цэцэрлэгийн хүүхдүүдийг эрүүлжүүлэх үйл ажиллагаа хангалтгүй байсаар ирсэн төдийгүй хүүхдүүдэд үзлэг хийхэд 1-12 шүд өвчлөлтэй гарсан тохиолдол ч бий.  Мөн амны хөндийн эрүүл мэнд муу байгаагаас шалтгаалж гэдэс, ходоодны хямрал түлхүү илэрч байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал хандуулж, төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэлээ.



Иймд Монгол Улсын Засгийн газрын хүн амын амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг хэлэлцэж “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” 322 дугаар тогтоол баталж, Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг үүрэг болгосны дагуу сайд нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний хамтарсан тушаалаар 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.    
“Эрүүл шүд” арга хэмжээ нь нийт 6 зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлснээр шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой болно.



Түүнчлэн ЭМЯ-наас шүд, амны хөндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 0-18 насны хүүхдийг амны хөндийн эмгэгээс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 1 удаа орох эрх зүйн орчныг бүрдүүлж, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хүүхдийн шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг 25,000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр, шүд, амны хөндийн амбулаторийн тусламж үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж, нийслэлд 60,000 төгрөг, орон нутагт үүнээс 1.5 дахин их буюу 90,000 төгрөг болгосон нь орон нутгийн иргэдэд амны хөндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй авахад дэмжлэг үзүүлнэ гэдгийг дэд сайд хэлсэн.  



           “Шүд эрүүл бол бие эрүүл” аяны үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх хүрээнд сургууль, цэцэрлэгийн эмч нарт зориулсан шүд, амны хөндийн эмгэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, эрүүл ахуй, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эрүүл зохистой хооллолтын талаарх чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 200 эмч танхимаар, хөдөө орон нутгийнхан цахимаар оролцож, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Амны хөндийн эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдсан асуудлууд”,  Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Боловсролын хуулийн шинэчлэл, эмчийн ажиллах чиг үүрэг”, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга Б.Эрдэнэсайхан “Шүд, амны хөндийн эрүүл ахуйн асуудлууд”,    АШУҮИС-йн Нүүр ам судлалын сургуулийн ахлах багш Ж.Дэлгэрцэцэг “Шүд амны хөндийн эмгэг, урьдчилан сэргийлэлт”,             НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа “Амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих асуудлууд”, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Баясгалан “Эрүүл зөв хооллолт” сэдвээр мэдээлэл хийлээ.     

    
 

Холбоотой мэдээ, мэдээлэл