Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Люксембургийн Их Гүнт улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Роланд Рейландыг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа.
Элчин сайд Роланд Рейланд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихаар Улаанбаатарт ирсэн бөгөөд энэ үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох энэхүү уулзалтыг хийсэн юм.
Уулзалтын эхэнд Эрүүл сайд С.Чинзориг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа алсын зайн анагаах ухаан, зүрх судасны тусламж үйлчилгээг бэхжүүлэх болон эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн эмнэлэг болон УГТЭ, ЭХЭМҮТ-д хэрэгжиж урт хугацаанд үр дүнгээ өгсөн үр өгөөжтэй үйл ажиллагаа болж буйд талархал илэрхийлэв.
Түүнчлэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан, төслийн үндсэн зорилго, зорилтоо хадгалж, тэдгээрийг улам бататган, тодорхой үр дүнд чиглэсэн үйл ажиллагаануудыг тусгасан МОН/007 “Монгол Улсын зүрх судлал, зүрхний мэс засал ба телемедицин” төслийг 2022 оноос хэрэгжүүлж тодорхой үр дүн гарч байгааг онцлов.
Сайд мөн иргэдийн дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчний хоёрдугаарт зүрх судасны өвчин бичигдэж буйг нийт хүн амын дунд зохион байгуулж 1,3 сая гаруй хүнийг хамруулаад байгаа эрт илрүүлэг, үзлэг шинжилгээ, оношлогооны дүн харуулсан тул цаашид зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг эх орондоо өндөр чанартай, хүртээмжтэй хүргэхийн тулд “Зүрх судасны үндэсний төв”-тэй болох шаардлага байгааг танилцуулсан.
Энэхүү төвийг байгуулах техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг Люксембургийн Их Гүнт улсын Засгийн газрын 1,5 сая еврогийн дэмжлэгтэйгээр Испани улсын “Идом” компани хийж гүйцэтгэсэн. Барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд 100 тэрбум, эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд 71,9 тэрбум төгрөг төсөв шаардлагатай байгаа юм.
ЭМЯ-наас тус төвийг барих санхүүжилтийн эх үүсвэрийг шийдүүлэхээр 2024 оны улсын төсөвт санал хүргүүлснээр гадна инженерийн дэд бүтцийн ажилд 2,3 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс үлдэгдэл санхүүжилтэд дэмжлэг шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Элчин сайд Роланд Рейланд цаг гарган хүлээн авч уулзсанд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт талархаад өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын эрүүл мэндийн салбарт ахиц дэвшил авчирч чадсан таслүүдийн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Тэрбээр 2016-2019 онд Бээжин дэх ЭСЯ-нд элчин зөвлөхөөр ажиллаж, Монголд хэрэгжиж буй төслийн удирдах хорооны хуралд оролцож, алслагдсан аймаг, суманд очиж байсны хувьд монголчуудын талаар сайхан сэтгэгдэлтэй байдаг гэсэн.
Элчин сайд мөн 2022 оноос эх барихын тусламж үйлчилгээнд алсын зайн оношлогоо, эмчилгээг нэвтрүүлэх төслийг НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаатай холбоотой зарим мэдээллийг өгч, Зүрх судасны үндэсний төв барих ажлын санхүүжилттэй холбоотой байр сууриа илэрхийллээ.