Орхон аймаг Олон улсын эмч нарын өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг уламжлалтай. Эрдэм шинжилгээний хурлыг уламжлалт, эмнэлзүй, нийгмийн эрүүл мэнд, ховор тохиолдол гэсэн 4 төрлөөр зохион байгуулж, 52 эмч, судлаачийн 17 илтгэлийг хэлэлцлээ.
Мөн зочин илтгэгчийн хоёр илтгэлийг сонссон бөгөөд эм зүйн ухааны доктор, дэд профессор Т.Баясгалан “Монгол орны эмийн ургамлын нөөц, баялаг”, “Эрдэнэт” сувиллын цогцолборын гэмтлийн эмч Доржиев Чингис Саянович “Аарцагны гэмтлийн үеийн эмчилгээ” сэдвээр мэдээлэл өгсөн юм.
Энэ жилийн хурлын онцлог нь олон сонирхолтой ховор тохиолдлын талаар эмч нар танилцууллаа. Тухайлбал, “Эрдэнэт Медикал” эмнэлгийн эмч Б.Цандмаа “Лимфойд стромтой ходоодны өмөн”, З.Болормаа “Ходоодны тэмбүү”, Ш.Энхжаргал “Ахондрогенез” сэдвээр судалгаа хийсэн байна.
Эмч судлаачдын тавьсан илтгэлүүдээс чиглэл бүрээр шилдгүүдийг тодруулсан юм.
Уламжлалтын чиглэлээр:
Тэргүүн байрт “Мажаа” эмнэлгийн их эмч Э.Жаргалбат, Орхон аймгийн БОЭТ-ийн их эмч, анагаах ухааны магистр Б.Мөнгөнчимэг нарын “Амьсгалын дээд замын цочмог халдвараар өвдсөн хүүхдүүдийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэгдсэн үр дүнг судлах нь”
Дэд байрт “Эрдэнэт Медикал” эмнэлгийн их эмч Б.Батням, Ц.Баясгалан нарын “Нүүрний мэдрэлийн саа өвчнийг уламжлалт анагаах ухааны аргаар эмчилсэн үр дүнг тооцох нь”
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр:
• Тэргүүн байрт “Мажаа” эмнэлгийн их эмч, анагаах ухааны магистр Б.Товуусүрэнгийн “Чихрийн шижин хэв шинж 2 өвчинтэй хүмүүст vdr генийн rs1544410 (Bsml) полиморфизмыг тодорхойлсон дүн”
• Дэд байрт Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн П.Отгонбилэг, А.Хонгорзул, С.Дулмаа-Юмлаа, БОЭТ-ийн эмч Э.Эрдэнэжаргал, М.Одонтунгалаг нарын “Орхон аймгийн томуу, томуу төст өвчний лабораторид суурилсан тандалтаар эерэг илэрсэн тохиолдлын дархлаажуулалтын байдалд хийсэн судалгаа”
Эмнэлзүйн чиглэлээр:
• Тэргүүн байрт “Очир талст” шүдний эмнэлгийн нүүрний гажиг заслын ахлах зэргийн их эмч Э.Шүрэнцэцэгийн “Шаамий зуултыг face mask аппаратаар эмчлэх нь”
• Дэд байрт БОЭТ-ийн клиникийн профессор, ахлах зэргийн их эмч Б.Батсүх, анагаах ухааны магистр Б.Мөнгөнчимэг “Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ авсан үйлчлүүлэгч нарын ухамсар шаналгаа ба үйл ажиллагааны чадварыг судалсан нь” илтгэлээр тус тус шалгарсан.
Ховор тохиолдлоор:
“Нейрон” мэдрэлийн эмнэлгийн их эмч Х.Энхгэрэл “Хожуу үеийн мэдрэлийн тэмбүү Давших саагийн тохиолдол” илтгэлээр шилдгээр тодорсон юм.