Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төв, АШУҮИС, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар хамтран энэ сарын 19-нд “Монпэн санаачилга"-ын техникийн ажлын хэсгийн уулзалтыг зохион байгууллаа.
“Монпэн санаачилга” төсөл нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга хэмжээ бөгөөд гол зорилго нь халдварт бус өвчний эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм.
Энэ удаагийн уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуяг, НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан, зөвлөх Г.Цэцэгдарь, Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны дарга С.Гэрэлмаа болон ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газрын Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа, АШУҮИС-ийн Зүрх судлалын тэнхимийн ахлах багш Б.Бурмаа, УГТЭ-ийн Зүрхний төвийн дарга Х.Мөнгөн-Өлзий болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцлоо.
Ажлын хэсгийн гишүүдэд НЭМҮТ-өөс "Монпэн санаачилга"-ын хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар болон ДЭМБ-ын “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшин дэх зүрх судасны өвчний менежментийн арга зүйн багц"-ыг хэрэгжүүлэх зааврыг танилцуулж, УГТЭ-ээс “MNCARDIO” цахим программын ашиглалт, хөгжүүлэлт сэдвээр илтгэл хэлэлцүүлж, цаашдын хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо.