Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго 2016-2030”-д тусгасан нярайн эндэгдлийг бууруулах зорилт, Эрүүл мэндийн сайдын А/550 тоот тушаалын хэрэгжилтийн хүрээнд “Нярайн эндэгдлээс урьдчилан сэргийлэх” ээлжит цахим хурлыг энэ сарын 29-нд зохион байгууллаа.
Хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа удирдаж, тус төвийн Тандалт судалгааны албаны эмч судлаач, Статистик мэдээлэл зүйн тасаг, Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, ЭНЭҮТ-II, Нийслэлийн амаржих газрууд, Нийслэлийн зургаан дүүргийн ЭМТ, НЭ, 17 аймгийн ЭМГ-ын удирдлага, БОЭТ, аймгийн НЭ-ийн хүүхдийн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, өрхийн ЭМТ-ийн нийт 169 эмч, мэргэжилтэн оролцсон.
Энэ удаагийн хуралд “Нярайн эндэгдлийн өнөөгийн байдал 2020-2024 оны I сар” сэдвээр ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Б.Одонгоо, “Нярайн үжил” сэдвээр Нярайн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Л.Ролзодмаа нар оролцогчдод онолын мэдлэг өгч, “Үжилтэй тэмцэх хөтөлбөр”-т тусгасан зөвлөмж, нярайн үжлийн үеийн артерийн дундаж даралт, шингэн сэлбэлт, допаминмиметик, адреномиметик, кортикостероид бүлгийн эмийн үйлчилгээний талаарх онцлогийг “Амгалан амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн нярайн зөвлөх эмч С.Энхтуяа танилцуулав.