Эмгэг судлаач эмч нарт зориулсан Интерактив сургалт, сурталчилгааны материал боловсруулах төслийн хаалтын ёслол энэ сарын 1-нд Эмгэг судлалын үндэсний төвд болж өнгөрсөн байна. Төслийн хаалтын ажиллагаанд ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн Монгол дахь Суурин төлөөлөгч Со-Нюунт-У, ЭМСЯ-ны мэргэжилтэн М.Оюунчимэг, Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Ш.Энхтуяа нар оролцлоо.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Со-Ньюунт-У баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэхүү Интерактив сургалт, сурталчилгааны материал нь мэдээлэл технологийн шинэ арга замаар Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа эмгэг судлаач эмч нарт мэргэжлийн мэдлэг ур, чадвараа тасралтгүй дээшлүүлэх боломж олгож байгаа бөгөөд цаашдын хамтын ажиллагааны хүрээнд дээрхи бүтээлийг дахин сайжруулах, шинэ мэдээллээр баяжуулах боломжтой” гэдгийг хэлсэн байна.
Энэхүү төслийг ДЭМБ-ын техник, санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэн, онлайн, офлайн хэлбэрээр ашиглах боломжтой 33 аудио лекц, лекц тус бүрт өөрийгөө шалгах тест, 4 видео хичээл, олон нийтэд зориулсан сурталчилгааны 1 видео боловсруулсан бөгөөд ёслолын арга хэмжээний үеэр нийт 30 гаруй эмгэг судлаач, шүүхийн шинжээч эмч нарт гардуулан өглөө.
Эдгээр бүтээлүүд нь аймаг орон нутагт ажиллаж байгаа эмгэг судлаач, шүүхийн шинжээч эмч нарт ажлын байран дээрээ мэргэжлийн ур чадвараа сайжруулахад нь үнэтэй хувь нэмэр болох оюуны хөрөнгө оруулалт болсон бодит ажил хэрэг боллоо.