Хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрал, зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, ажлын байр, сургуульд нь эрүүл орчин нөхцөлийг бүрдүүлэхэд салбар хоорондын оролцоог сайжруулах зорилготой “Энэ жилдээ-Эрүүл жиндээ 2” аяны хүрээнд “Өглөөний цайнаас эрүүл мэнд эхэлнэ” өдөрлөгийг өнөөдөр /2024-02-27/ зохион байгууллаа.
Энэ удаагийн өдөрлөгт Хэнтий аймгийн ЭМТ, төрийн болон төрийн бус эрүүл мэндийн 30 байгууллагын 60 албан хаагчийг хамруулсан бөгөөд Хэнтий дэх “Монос” ХХК-ийн зүгээс оролцогчдын арьсыг оношилж, биеийн жингийн индекс тодорхойлох үйлчилгээ үзүүлсэн.
Өдөрлөгийн үеэр “Энэ жилдээ-Эрүүл жиндээ 2 аян болон халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлүүд” сэдвээр НЭМХ-ийн дарга Д.Дашнамжилмаа, “Өглөөний цайнаас эрүүл мэнд эхэлнэ” буюу эрүүл зөв хооллолтын талаар Нэгдсэн эмнэлгийн хоол зүйч О.Тожилдорж, дасгал хөдөлгөөний ач холбогдол, биеийн жингийн индексийг тооцох аргын талаар НЭМХ-ийн мэргэжилтэн Г.Батсайхан, явган алхалтын ач тусаар Хэнтий аймгийн “Явган алхалтын холбоо”-ны тэргүүн Д.Оюунбаяр нар мэдээлэл хийлээ. Түүнчлэн иогийн багш М.Энх-Амгалан дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг өөрийн амьдралын нэгээхэн хэсэг болгож чадсан туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгөв.