Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 90 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2023-12-08/ “Чингис” зочид буудлын “Өргөө танхимд боллоо.
Анх 1933 онд Ардын эрүүлийг хамгаалах сайдын 01 тоот тушаалаар “Улсын ариун цэвэр, бактери шинжилгээний газар” байгуулагдсанаар одоогийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсан гэж үздэг. Хожим 1968 онд “Улсын ариун цэвэр, бактери шинжилгээний газар”, “Халдвар судлалын үндэсний бригад”, “Ариун цэвэр халдвар судлалын төв станц”, “Бруцеллёзийн улсын диспансер” гэсэн дөрвөн байгууллагыг нэгтгэж “Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт” буюу одоогийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв байгуулагдсан.
Тус төв түүхэн хөгжлийнхөө явцад хүн амын дундах халдварт өвчнийг бууруулах, энэ чиглэлээр ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээг илүүтэй авч хэрэгжүүлж ирсний үр дүнд хорьдугаар зуунд 300 сая хүний амь насыг авч одсон “цагаан цэцэг” буюу бодоо өвчний эсрэг вакциныг хялбаршуулсан технологиор эх орондоо үйлдвэрлэн 1940 он гэхэд “цагаан цэцэг” өвчнийг бүрэн устгасан Ази тивийн анхны орон болсны зэрэгцээ татран, сахуу эсэргүүцэх сийвэн, сахуугийн анатоксин, цусан суулга гэдэсний балнадын эсрэг вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болж нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг бодлогын түвшинд тусгайлан бэлтгэж эхэлсэн гэхчилэн 90 жилийн ололт амжилтаа дүгнэн хэлэлцсэн ойн баярт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, академич П.Нямдаваа нарын төр, нийгмийн зүтгэлтнүүд, НҮБ болон ДЭМБ-ын төлөөлөл, ЭМЯ-ны харьяа байгууллагууд, 21 аймгийн ЭМГ, НЭМ-ийн төв, хэлтсийнхэн гээд олон зочин оролцож НЭМҮТ-ийн үе үеийн ажиллагсад, эрдэмтэн судлаачдад баяр хүргэж амжилт хүслээ.
Ойн баярын оргил үед нийгмийн эрүүл мэндийн салбарт эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлээ зориулсан хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал одон медаль гардуулах ёслол байв.
Тус байгууллагын 90 жилийн түүхийг хамтдаа бичилцсэн хамт олноос энэ удаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, тус төвийн ахмад ажилтан Уушийн Цэрэндолгор, ахмад ажилтан Лувсандоржийн Санжид, Эвэлхүүгийн Баярсайхан нар шагнуулсан бол НЭМҮТ-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор Ч.Өлзийбүрэн, НЭМҮТ-ийн зөвлөх, анагаах ухааны доктор Ж.Мэндсайхан нар “Алтан гадас” одон хүртлээ.
Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Д.Оюундэлгэр, тус төвийн ажилтан Ч.Ганхуяг, хэвлэлийн дизайнер Д.Баатарзолбоо нарыг шагнасныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нар гардууллаа.
Энэ өдөр мөн Засгийн газрын шагнал Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар НЭМҮТ-ийн ахмад ажилтан М.Сүрэнцэцэг, Санхүү, аж ахуйн албаны ажилтан Ч.Гэрэлмаа, Б.Нямбаяр, хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туул, НЭМҮТ-ийн Биобэлдмэлийн үйлдвэрийн дарга, биологийн ухааны доктор Э.Өлзийжаргал нар шагнуулсан.
ЭМЯ-ны Жуух бичгээр НЭМҮТ-ийн Хор судлал шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүвшин, Санхүү, аж ахуйн албаны ажилтан В.Насанжаргал, Эрүүл мэндийг дэмжих, мэдээллийн албаны мэргэжилтэн Г.Мөнхнаран, Б.Идшинхорлоо, Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан С.Насантогтох нарыг шагналаа.