Улсын гуравдугаар төв эмнэлгээс "Сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүн бүрт" аяны хүрээнд эмнэлгийн нэгжийн менежерүүдийнхээ удирдлагын манлайлалд эерэг хандлагыг төлөвшүүлэх, тэдний баг хамт олноо удирдах арга барил, багаар ажиллах чадамжийг тасралтгүй сайжруулах, удирдах ажилтны өөрийнхөө болон бусдын сэтгэл хөдлөлийг таних, ойлгох, түүнийг эергээр удирдах арга зүйд суралцах, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Манлайллын семинар” сэдэвт цуврал сургалтыг зохион байгуулж байгаа.
Уг цувралын дөрөв дэх сургалт өнөөдөр /2023-11-09/ болж эмнэлгийн удирдах түвшний менежер болох тасаг нэгжийн эрхлэгч, албадын дарга зэрэг 37 албан тушаалтныг хамрууллаа.
Энэ удаагийн сургалтаар Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг “Удирдах ажилтны сэтгэл зүй”, “Мандал” санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг, “Бизнес” сургуулийн гүйцэтгэх захирал Д.Алтантуяа нар “Сэтгэл хөдлөлөө удирдахуй” сэдвээр лекц уншиж, оролцогчдын дунд интерактив хэлэлцүүлэг хийж, сургалтын үр дүнгийн талаар санал солилцсон.
“Манлайллын семинар” сургалтаар эмнэлгийн удирдах түвшний менежерүүд баг хамт олноо удирдах арга барил, ур чадвараа дээшлүүлж, сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдийг хэрхэн зөв таних, ойлгох талаар мэдлэгээ нэмэгдүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.