ЭМГЭГ СУДЛАЛЫН АЛБА ҮҮССЭНИЙ ТҮҮХТ 90 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Монгол Улсад Эмгэг судлалын алба үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойн баярын хурал өнөөдөр боллоо.
1933 онд Улсын төв эмнэлгийн дэргэд анхны Эмгэг судлалын тасгийг нэг эмчтэй нээснээр тус байгууллагын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Өдгөө Эрүүл мэндийн яамны харьяа Эмгэг судлалын үндэсний төв болж өргөжин, улсын хэмжээнд өвчин эмгэгийг оношлох, илрүүлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан уламжилж, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр Эмгэг судлалын үндэсний төвийн захирал, анагаах ухааны доктор Г.Уянга ахмад мэргэжилтнүүддээ талархал илэрхийлж “Эмгэг судлалын үндэсний төв нь хүн амын эрүүлийг хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхийн сацуу гадаадын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулан, арга туршлагаас нь суралцаж, улмаар лабораторийн шинжилгээний арга, техникийг нэвтрүүлэн нутагшуулж, шинэ тасгуудыг нэмж байгуулсаар байна. Манай төв хөгжлийн түүхэн замдаа эмгэг эд, эс, бүтэц судлал, онош зүй, лабораторийн шинжилгээний аргуудад тулгуурлан эмгэг судлалын онош тавьж, эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эмнэлзүйн эмч нарын оношлогоо, эмчилгээ үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа явуулах, мэргэжил арга зүйгээр хангах эд, эс судлал, иммуногистохими, экспрэсс шинжилгээг шуурхай чанартай болгоход анхаарч ирснийг дуулгахад таатай байна” хэмээсэн юм.
Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх нь улс орны хөгжил, ард иргэдийн аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой байдаг. Тус төв нь Анотомийн эмгэг судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд сургалт, эрдэм шинжилгээний түшиц газар болж, эмгэг судлалын шинжлэх ухааны чиглэлээр орчин үеийн оношлогоо, эмчилгээний ололт, амжилтыг түүчээлсээр байгаа юм.