Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 74 дүгээр чуулган Филиппиний Манила хотноо амжилттай үргэлжилж байна.
Чуулганд оролцож буй Монгол Улсын төлөөлөгчид өнөөдөр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якабтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн урт хугацааны бодлого стратеги, цахим эрүүл мэнд зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.
Бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб дээрх асуудлуудаар үр дүнтэй хамтран ажиллахад Бүсийн зүгээс онцгойлон анхаарахын зэрэгцээ ДЭМБ-ын гурван түвшинд зохицуулалтыг хангахад дэмжиж ажиллахаа нотлов.
Энэ өдрийн нэгдсэн хуралдааныг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Др.С.Төгсдэлгэр удирдлаа. Нэгдсэн хуралдаанаар Номхон далайн баруун бүсэд нийгмийн эрүүл мэндийн төлөв байдлыг сайжруулахад эрүүл мэндийн харилцаа холбоог ашиглах стратеги болон Номхон далайн баруун бүсэд эрүүл мэндийн инновацыг ашиглах стратегийн төслийг тус тус хэлэлцлээ. Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа Монгол Улсын Засгийн газраас дээрх асуудлуудаар баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулж, шинээр батлагдах стратегийн баримт бичгийн хэрэгжилтийг хангахад Бүсийн төвөөс гишүүн улс орнуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхийг хүсч, стратегийн баримт бичгийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.