НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Н.Китахара, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Эрүүл мэнд, спортын яам 2015 онд ЭХЭМҮТ, АШУҮИС, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих тав дахь хөтөлбөрийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүллээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн бодлогын орчинг боловсронгуй болгож, инноваци нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгэний чанар, тэгш байдал, хүртээмж, хэрэглээг нэн ялангуяа өсвөр үеийнхэн, залуучуудын дунд нэмэгдүүлэх зорилгоор 2015 онд нийт 96 үйл ажиллагаа төлөвлөсний 94 хувийг хэрэгжүүлж, 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн 89 хувийг зарцуулсан байна.
2015 онд НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурьдвал:
- “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль”–ийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан;
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд Үргүйдлийн төв нээж, улсын эрүүл мэндийн байгууллагад анх удаа үр шилжүүлэн суулгах ажилбарыг хийсэн;
- Мөн төвд эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлснээр эмэгтэйчүүдийн нийт мэс заслын 10 хүрэхгүй хувийг дурангаар хийдэг байсныг 28 хувьд хүргэсэн;
- Өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх клиникийг Өмнөговь аймгийн Ханбогд, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байгуулснаар Хэнтий аймаг, Багануур, Налайх дүүргээс бусад аймаг, дүүрэгт өсвөр үе, залууст ээлтэй эрүүл мэндийн төвтэй болсон;
- ХДХВ/ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх Монгол-Хятадын хамтарсан төслийг хэрэгжүүлснээр Эрээн хот дахь биеэ үнэлэгчдийн дунд тэмбүүгийн тархалтыг бараг 3 дахин, тэмбүүгийн шинэ тохиолдлын түвшинг 3.5 дахин буруулсан;
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилд Эх барих, нярай судлалаар ур чадварт суурилсан шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулж, эх барихын нэгдсэн сурах бичигтэй болсон нь төгсөлтийн өмнөх сургалтын чанарыг сайжруулахад чухал түлхэц болно гэж үзэж байна.
Та бидний олон жилийн нягт хамтын ажиллагааны үр дүнд Монгол улс Мянганы хөгжлийн 5 дахь зорилтыг хангасан буюу эхийн эндэгдлийг 1990 оны түвшнээс 4 дахин бууруулсан 9 орны нэг болж чадлаа. Бидний энэхүү амжилт хэврэг байгааг наад захын тоо баримтаас харж болно. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин 47.6-д хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 дахин нэмэгдсэн нь анхаарал татсан онцгой асуудал болоод байна. Эхийн эрүүл мэндийг сайжруулах нь хэсэг хугацаанд анхаараад бүрэн шийдвэрлэгдэх бус, харин байнгын анхаарал, хөрөнгө оруулалт шаардагдах асуудал гэдгээ сануулж байна.
Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөрөнгө нөөцийн архаг дуталд үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Эдийн засгийн хямралын өнөө үед энэ нь улам бүр гүнзгийрч, улмаар аминд тулсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хөрөнгийг чиглүүлж, харин алсдаа үр өгөөж ихтэй нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орхигдуулах хандлага давамгайлах эрсдэлтэй байна. Үүний нэг тод жишээ нь бид өнгөрсөн хугацаанд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах тулгын гурван чулууны хоёрт нь буюу эх барихын яаралтай тусламж үйлчилгээ болон төрөлтийг эх баригчаар удирдуулах асуудалд түлхүү анхаарч, харин гэр бүл төлөвлөлтийн асуудлыг зарим талаар орхигдуулсаар иржээ.
Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ нэмэгдсээр байгаа нь үүний нотолгоо юм. Энэхүү үзүүлэлт нь 2003-аас 2013 оны хооронд 4.6-аас 16.0 хувь болтлоо 3 дахин өссөн байна. Энэ хугацаанд үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварын тархалт зэрэг гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг дам харуулдаг үзүүлэлтүүд мөн нэмэгдсэн байна.
Монгол Улсад жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн ханган нийлүүлэлтийг НҮБ-ын Хүн амын сан 2009 он хүртэл дангаараар хариуцаж, 2009 онд Засгийн газар нөхөн үржихүйн эм, хэрэгслийн зардалд зориулж 85 сая төгрөгийг улсын төсөвт анх удаа тусгасан нь хангамжийн тогтвортой байдлыг хангахад чухал алхам болсон юм. Үүнээс хойш 2015 он хүртэл нөхөн үржихүйн эм, хэрэгслийн төгрөгөөр илэрхийлэгдсэн төсөв тасралтгүй өсч, 2014 онд 210 сая төгрөгт хүрсэн боловч 2015 онд үүнээс гуравны нэгээр буурчээ. Харин энэ онд 300 сая төгрөг төсөвлөсөн боловч ханшийн зөрүүний улмаас энэ нь 2009 онд худалдан авч байсан хэмжээний нөхөн үржихүйн эм, хэрэгслийг ханган нийлүүлэхэд л хүрэлцэх төлөвтэй байна.
Гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ нэн ялангуяа 15-19 насны эмэгтэйчүүдийн дунд их байна. Тухайлбал, 2013 онд 15-19 насны эмэгтэйчүүдийн дунд гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ 36.4% байсан нь улсын дунджаас хоёр гаруй дахин өндөр үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхний төрөлт өссөн байна. 2014 оны байдлаар нийт төрсөн эхчүүдийн 5.5 хувийг 20-иос доош насны охидын төрөлт эзэлж байгаа бөгөөд нийт үр хөндөлтийн 7 хувийг 20-иос доош насны охидын үр хөндөлт эзэлж байна. Энэ нь нэг талаар Мянганы хөгжлийн 5B зорилт буюу гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээ болон өсвөр үеийнхний төрөлтийн түвшинг бууруулах зорилтууд 2008 онд батлагдсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгалаа олоогүйтэй холбоотой гэж үздэг. Ийм ч учраас 2015 оны 9-р сард батлагдсан дэлхий нийтийн хөгжлийн шинэ зорилт болох Тогтвортой хөгжлийн зорилт, нэн ялангуяа 2030 он гэхэд гэр бүл төлөвлөлтийг бүх нийтэд хүртээмжтэй болгох, үүнийг гэр бүл төлөвлөлтийн хангагдсан хэрэгцээ хэмээх үзүүлэлтээр хэмжих зорилтыг Монгол Улсын бодлогод тодорхой тусгахад Эрүүл мэнд, спортын яамнаас онцгой анхаарч байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралын нөлөөгөөр байдал хэцүү байгаа ч Монгол Улсын Засгийн газраас эхийн эрүүл мэндийг сайжруулахад хөрөнгө оруулалтыг багасгахгүй шаардагдах хэмжээнд барих, тэр ч байтугай нэмэгдүүлэх бодлогыг тууштай баримталж, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан сайжруулах улс төрийн чин эрмэлзэл, манлайллыг бэхжүүлэхэд үндсэн үйл ажиллагааг чиглүүлж байна.
НҮБ-ын Хүн амын сантай 2016 онд хамтран ажиллах хүрээнд бид дараах асуудлыг онцгой анхаарч ажиллана. Үүнд:
Нэгдүгээрт, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний хүртээмж, тэгш байдлыг хангах бодлогын дэмжлэгт орчин бүрдүүлэхэд анхаарч, Эх, хүүхдийн эрүүл мэндийн хууль, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний 5-р хөтөлбөрийг батлуулж, хэрэгжүүлэх;
Түүнчлэн 2016-2030 оны Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн, нэн ялангуяа эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилтуудыг оновчтой тодорхойлж, зорилтуудын хэрэгжилтийг хянах тогтолцоог бүрдүүлэх;
Хоёрдугаарт, гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээний эрэлтийг бий болгож хангах, гэр бүл төлөвлөлтөд зориулсан санхүүгийн нөөцийг нэмэгдүүлэхийг ухуулан таниулах замаар хүн ам, нэн ялангуяа өсвөр үеийнхэн, хот суурин газрын оршин суугчдын гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээг хангах чиглэлээр ахиц дэвшил гаргах;
Гуравдугаарт, сэргийлж болох эх, хүүхдийг эндэгдлийг бууруулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлэх, үүний тулд эх барих, нярайн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлж, сум, дүүрэг бүрт эх барих, нярайн яаралтай тусламж үзүүлэх нөхцөл бүрдүүлэх;
Дөрөвдүгээрт, өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээг бэхжүүлж, залуучуудын дунд бэлгийн замаар дамжих халдвар, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийг тууштай бууруулах;
Тавдугаарт, эрүүл мэндийн салбарт нүүрлэж буй боловсон хүчний хямралыг даван туулах, эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах нийгэм, эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Эцэст нь дүгнэж хэлэхэд, жирэмслэх, төрөх нь хүн бүрт баяр жаргал авчрах учиртай. Өнөөгийн манай нийгэмд төрөлт нь ид насандаа яваа эмэгтэйн амь нас, зүрхээ шархлуулсан эр нөхөр, хагас өнчрөн хоцорсон хүүхдийн хувь заяа, эцэг эхийн нулимс, харуусал дагуулсаар байна. Үүнд цэг тавихад Та бидний хамтын ажиллагаа, хүчин чармайлт шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг дахин сануулаад бидний цаашдын хамтын ажиллагаа улам бүр үр дүнтэй байхын ерөөл дэвшүүлье.
Анхаарал тавьсанд баярлалаа!