Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ, АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖУУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА


 “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор наймдугаар сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганаар
-“Номхон далайн баруун бүс дэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй” стратегийн баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодлогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох,
-Орон нутгийн боломжуудыг ашиглах өөрсдийн үндсэн чиг үүргээр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагаас хуваалцах,
-Технологи, санхүүжилтийн загварууд болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх, инновацыг танилцуулж, санал солилцох,
-Парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжуудыг хуваалцах зэргээр асуудлуудыг хөндөж, Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх шийдлийг олох хэлэлцүүлгийг өрнүүлж байна.
Монгол Улсын Их Хурал, Эрүүл мэндийн яам ДЭМБ-тай хамтран зохион байгуулж буй чуулганаар хэлэлцэж буй асуудлуудын талаар албаны хүмүүсээс тодрууллаа.  

ҮНДСЭН ХУУЛЬД ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ НЬ ИРГЭНИЙ ЖУРАМТ ҮҮРЭГ МӨН ГЭЖ ЗААСНЫГ ЯРИХ ЦАГ НЬ БОЛСОН



УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.ЧИНЗОРИГ:
-ДЭМБ-аас нэг ч иргэнийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдуулахгүй гэсэн бодлого баримталж байгаа. Энэхүү бодлогын хүрээнд өнөөдөр Ази, Номхон далайн бүсийн парламентчдын VII чуулганд 15 орны парламентын гишүүд оролцож, дэлхийн эрүүл мэндийн асуудал тэр дундаа анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэлэлцэж байна.
Манай улсын хувьд газар нутаг том, хүн ам цөөтэй, засаг захиргааны олон нэгжтэй, хүн ам сийрэг суурьшсан учраас иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ хүргэх нь өөрийн гэсэн онцлогтой. Нийт иргэдийн 46 хувь нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг орны хувьд анхан шатны тусламж үйлчилгээг хүргэхэд нэлээд зохион байгуулалт шаарддаг.
Иргэний эрүүл мэндийг хамгаалах гэдэг хоёр талтай асуудал гэж үздэг. Нэгдүгээрт, эмнэлгийн тусламж үйлчилгээ, хоёрдугаарт, нийгмийн эрүүл мэнд болоод анхан шатны тусламж үйлчилгээ  үзүүлэх. Гэтэл манайд сүүлийн жилүүдэд өвчилсөн хойно нь эмчлэх буюу эмнэлгийн тусламж үйлчилгээнд түлхүү анхаарч, нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламжийг орхигдуулж иржээ гэсэн дүгнэлт хийж байгаа.
Дэлхийн бусад орнуудын туршлагаас харахад эрүүл мэндийн үйл ажиллагааны 50-80 хувь  нийгмийн эрүүл мэнд болоод анхан шатны тусламж үйлчилгээ эзэлж санхүүжилтийнхээ мөн 50-80 хувийг зарцуулдаг. Гэтэл манай улсад эсрэгээрээ  нийт тусламж үйлчилгээний 20-30 хувь нь нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээнд хамаарч, хөрөнгө санхүүгийнхээ 19 хувийг л зарцуулж байна. Тиймээс тусламж үйлчилгээний ийм уруугаа харсан тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Энэ хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуультай болохоор анхдагч хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Хууль батлагдвал нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээг улсын төсвөөс санхүүжүүлдэг байх, хэвтэн эмчлүүлэхэд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлыг даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлдэг байх зэрэг бодлогын өөрчлөлтүүд хийгдэнэ.
Үндсэн хуульд эрүүл мэндээ хамгаалах нь иргэний журамт үүрэг мөн гэсэн заалттай. Гэтэл энэ асуудлыг хэн ч ярьдаггүй. Иймд иргэн эрүүл мэндээ хамгаалахад ямар үүрэгтэй вэ гэдгийг ярих цаг болсон. Олон улсын байгууллагуудын судалгаанаас харахад иргэний эрүүл байх, урт наслахын 55-60 хувь нь хүнээс өөрөөс нь хамааралтай гэсэн судалгаа бий. Тиймээс иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлийг үндэсний хэмжээнд салбар хоорондын уялдаа холбоо, зохицуулалт шаардсан хөтөлбөр боловсруулж, эрүүл амьдралын хэв маяг руу хэвшүүлэх, буруу дадал зуршилд өртөхгүй байх зэрэг өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзэж байна.  
 

ЧУУЛГАНААС ГАРГАХ ХАМТЫН ТУНХАГААР ДАМЖИН ЯМАР НЭГ ҮР ДҮН ГАРЧ ЭХЭЛНЭ ГЭЖ ХАРЖ БАЙНА



БНСУ-ын Үндэсний Ассемблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга, БНСУ-ын парламентчдын Дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумын Ерөнхийлөгч ДОНКУН ШИН:
-Ази, Номхон далайн бүсийн орнуудын эрүүл мэндийн салбарт хууль тогтоох болон санхүү, эдийн засгийн бодлогыг зохицуулах боломжтой парламентын гишүүд энэ чуулганд оролцож байна.
Энэ удаагийн хурлын онцлог нь яг одоо тулгарч байгаа асуудал буюу насжилт нэмэгдэх хэрээр өвчлөл нэмэгдэж байгаа учир эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замын талаар парламентын  гишүүд туршлагаасаа хуваалцаж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах боломжуудын талаар хамтдаа ярилцах боломжийг олгож байгаа юм.
Дэлхийн  эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн орнуудын VII чуулганаас хамтын тунхаг гаргах санал дэвшүүлсэн. Үүгээр дамжин ямар нэг үр дүн гарч эхэлнэ гэж харж байна.

 
МОНГОЛ БОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ БҮС НУТАГТАА ХАРЬЦАНГУЙ САЙН ХӨГЖИЖ ЯВАА
УЛС



ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч ДР.СОКОРРО ЭСКАЛАНТЕ:
-ДЭМБ-ын харьяанд үйл ажиллагаа явуулдаг Ази, Номхон далайн парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумын долоодугаар чуулга уулзалтыг Монгол улсад зохион байгуулж байгаад бид маш их талархалтай байна. Чуулганы сэдэв эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ. Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ бол маш чухал, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай эрүүл мэндийн тогтолцооны талбар юм. Учир нь эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ өндөр хөгжиж байж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгддэг.
Дэлхийн улс орнуудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцоо сайн төлөвшвөл нийт иргэдийн эрүүл мэндийн байдал сайжирна.  Сүүлийн үед нийгмийн болон байгаль орчны асар олон өөрчлөлт бий болж, түүнийг дагаад эрүүл мэндийн тогтолцоо ч бас хувьсан өөрчлөгдөх шаардлагатай болсон. Мөн хүн ам зүйн өөрчлөлтүүд маш ихээр гарч, нийтийн эрүүл мэндийн байдал,  өвчлөл өөрчлөгдсөн. Эдгээр өөрчлөлтийг дагаад хууль эрх зүйн тогтолцоо ч бас өөрчлөгдөх хэрэгтэй гэж бид үзэж байгаа. Хууль эрх зүйн тогтолцоог өөрчлөх эрх мэдэл бүхий хүмүүс нь парламентчид. Хууль бол аливаа нийгмийн сайн сайхан ирээдүйн суурь учраас парламентчдыг оролцуулж байгаа. Хоёрдугаарт, парламентчид тухайн улсынхаа төсвийг хуваарилах эрх мэдлийг эзэмшдэг учраас бид парламентчдад эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ач холбогдлыг ойлгуулж, сурталчилснаар энэ чухал талбарт илүү их төсөв хуваарилагдах боломжийг улс орнуудад  нээж өгнө гэдэгт итгэж байгаа.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээ дэвшилтэт түвшинд хүрч хөгжсөн гэж бид үздэг. Миний хувьд Монголд энэ оны нэгдүгээр сараас хойш ажиллах хугацаандаа олон газраар явж эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Ингэхэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бүс нутагтаа харьцангуй сайн хөгжиж яваа улсуудын нэг гэж би ойлгосон.

МӨНГӨ ТУСГАХГҮЙ БОЛ ӨМНӨӨ ТАВЬСАН ЗОРИЛГО БИЕЛЭХГҮЙАНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАНГАЛТТАЙ



УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-Анхан шатны тусламж үйлчилгээний тухайд Монгол Улсад урвуу харсан байдалтай байгаа гэдэг дүгнэлтийг бид өнгөрсөн хаврын чуулганаар хийсэн. Учир нь анхан шатны тусламж үйлчилгээ дээр зөвхөн ойрын хэмжээний тусламж үйлчилгээ үзүүлж, шатлалын эмнэлгүүд дээр гол үйл ажиллагаа явчихдаг. Гэтэл өнөөдөр дэлхийн улс орнууд анхан шатны тусламж үйлчилгээ дээр инноваци хөгжүүлсэн. Харин манай улсад шатлалын эмнэлгүүд дээр ачаалал үүсэх,  иргэд яаралтай тусламж үйлчилгээ авч чаддаггүй байдал хаа сайгүй байна. Тиймээс Ази, Номхон далайн бүс нутгийн парламентчдын эрүүл мэндийн форумын хамгийн гол сэдэв нь “Ирээдүйн төлөө эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шинээр бүтээе” гэдэг уриан дор болж байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт тавьсан хамгийн том зорилт юм.
Энэ намар буюу 2024 оны төсвийг өргөн барихаас өмнө тус форум болж байгаа нь ач холбогдолтой гэж бодож байна. Төсөв батлагдаж, Засгийн газраас багцлагдаад ороод ирэхэд санхүүжилт нь хоцрогдсон юм уу, орхигдсон асуудал эрүүл мэндийн болон боловсролын салбарт байдаг. Иймд бид ирэх оны төсөвт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хангалттай мөнгө тусгахгүй бол өмнөө тавьсан зорилгоо биелүүлж чадахгүй.
Би Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа 97 тэрбум төгрөг тавиулсан нь иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, анхан шатанд боловсон хүчин тогтвортой ажиллахад нөлөө үзүүлж байна. Тиймээс санхүүжилт, хүний нөөц, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаж дэмжих, ямар жишиг стандарт тогтоох, бодлогын шинэлэлийг хийх цаг үе манай улсад тулж ирээд байна.  

Холбоотой мэдээ, мэдээлэл