Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНДИЙГ ДЭВШҮҮЛЬЕ


Хүн ардын эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсэд эрдэм ухаан, ур чадвар, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан ажиллагсад болон энэ салбарт халуун залуу насаа хайрлалгүй зүтгэсэн ахмадууд Та бүхэндээ “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-ийн мэндийг дэвшүүлье.  
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтыг даван туулж  “Ногоон түвшин”-д шилжүүлэн амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлсэн эрүүл мэндийн салбарынхантайгаа хамтдаа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон эрүүл мэндийн салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашиг, хэмжээг өсгөх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний гадаад сургалтыг дэмжих, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээний соёлыг сайжруулах чиглэлээр 2023 онд томоохон ажлуудыг эхлүүлсэн үр дүнтэйгээр “Эрүүл мэндийн ажилтны өдөр”-өө угтаж байна.  
Саяхан манай улсад айлчилсан ДЭМБ-ын ерөнхий захирал Др.Тедрос А. Гебрейесус дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлыг харьцангуй хохирол багатай даван туулсан үлгэр жишээ орнуудын нэг нь Монгол Улс болсныг онцолж талархал илэрхийлсэн нь ард иргэдээ аюулт тахлаас аврахын төлөө цаг наргүй хичээн зүтгэсэн эрүүл мэндийн салбарынхны хөдөлмөрийн үр дүн билээ. 
Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй 328 сум, тосгоны Эрүүл мэндийн төв болон 207 Өрхийн эрүүл мэндийн төвийн төсөв, санхүүгийн зохицуулалт боловсронгуй болж албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх боломж бүрдлээ.
 Хүн амыг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаанд байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн Нийгмийн эрүүл мэндийн тухай анхдагч хуулийн төсөл, Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байна.
Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулгыг хийж, Тамхины хяналтын тухай, Тусгай сангийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.  
Гүйцэтгэлийн санхүүжилтийг боловсронгуй болгох хүрээнд өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээнд иргэдийн төлөх төлбөрийн хэмжээг бууруулах, эмнэлэгт шаардлагагүй хэвтэлтийг багасгаж амбулатори болон өдрийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, алслагдсан хөдөө, орон нутгийн иргэдэд хүргэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, яаралтай тусламж, үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог хялбаршуулах чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг хийлээ.
Эрүүл мэндийн салбар өвчин туссан хойно нь эмчилж эдгэрүүлэхээс илүүтэй иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал хэвшилтэй болгох, мэдлэг мэдээллийг олгоход онцгой анхаарах зорилго тавьж энэ оноос иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлд хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллаж байна.
Мөн энэ онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийг бүрэн ашиглалтад оруулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дундговь, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд компьютер томографийн аппарат шинээр суурилуулснаар бүх аймаг томографийн аппаратаар бүрэн хангагдав. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, зарим сумын Эрүүл мэндийн төв туулах чадвар сайтай, иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай боллоо.  
Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд өнгөрсөн долоодугаар 1-нээс эрүүл мэндийн ажилтнуудын цалингийн доод хэмжээг 1.0 сая төгрөгт хүргэж, цалинг дунджаар 44.3-65.8 хувиар нэмлээ.  
Эрүүл мэндийн байгууллага бүр тусламж үйлчилгээ авахаар хандсан иргэнд ээлтэй, хүндрэл бэрхшээлгүй байлгах, эмнэлгийн ажилтнуудын харилцаа хандлагыг өөрчлөхөд зайлшгүй шаардлагатай үйлчилгээний стандартыг боловсруулан мөрдүүлж эхэлсэн.
Эмнэлгийн мэргэжилтнүүд ялангуяа сувилагч, эх баригч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, орчин үеийн дэвшилтэт технологи, эх барихуй, сувилахуйн шинэ аргыг эзэмшүүлэх зорилгоор энэ онд 200 сувилагч, эх баригчийг гадаадад богино хугацааны сургалтад хамруулах ажлыг эхлүүлээд байгаа зэргийг дурдахад таатай байна.  
Тавьсан зорилтоо биелүүлж, бодлогын шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэн эрүүл мэндийн салбараа хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн салбарын ажилтан нэг бүрийн зүтгэл, зөв хандлага чухал тул та бүгдийг идэвх санаачлагатай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. 
Монгол хүн бүрийг эрүүл энх, урт удаан наслуулах эрхэм зорилготой эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсаддаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол Улсын эрүүл мэндийн салбар цэцэглэн хөгжих болтугай.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ

Холбоотой мэдээ, мэдээлэл