Зөвлөлдөх уулзалтад Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын Жайка олон улсын байгууллага, төслийн нэгж, сургалт эрхлэх Орхон, Дорнод, Ховд, Өвөрхангай, Өмнөговь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, УГТЭ, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг зэрэг нийт найман байгууллага болон сургалт эрхлэхээр хүсэлт гаргасан эрүүл мэндийн 10 байгууллагын сургалтын албаны дарга, сургалтын арга зүйч, эмнэл зүйн сургагч багшийн төлөөлөл нийт 50 гаруй хүн оролцлоо.
Төгсөлтийн дараах “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт нь Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/184 дүгээр тушаалаар төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын чиглэл, индекс-д анх удаа шинээр нэмэгдэж, одоо 2021 оны А/445 дугаар шинэчлэгдсэн тушаалаар үргэлжлэн мөрдөгдөж байна.
Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын Жайка олон улсын байгууллагын дэмжлэгтэй 2015-2020 онд хэрэгжүүлсэн “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж нутагшуулах, “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж батлуулах, дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүд, яаралтай тусламжийн гарын авлага боловсруулах, суралцагчийн дэвтэр, сургалт эрхлэх байгууллагын сургалтын үйл ажиллагааны явцын хяналт-шинжилгээний шалгуур боловсруулах зэрэг ажлыг үе шаттай зохион байгуулж, 2020-2024 онд “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн II үе шат үргэлжилж байгаа билээ.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/337 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах, сургалт эрхлэх байгууллагыг сонгох, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтыг 2018 онд орон нутагт Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд анх удаа зохион байгуулж эхэлсэн. Улмаар уг сургалтыг өргөжүүлэн 2021 оноос Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэг, 2022 оноос Дорнод, Ховд, Өмнөговь, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зохион байгуулж одоо нийт 8 байгууллага сургалт эрхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 81 эмч төгсөж, одоо 53 эмч суралцаж байна.
Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/103 дугаар тушаалаар 2023 онд “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтад 185 эмч суралцахаар хяналтын тоо батлагдсан бөгөөд цаашид сургалт эрхлэх байгууллагыг орон нутагт өргөжүүлэх зорилгоор эмнэл зүйн сургагч багш бэлтгэх, сургалтын орчин бүрдүүлэх, арга зүйн зөвлөгөө, мэдээллээр хангаснаар одоогоор нийт 10 байгууллага “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт явуулах хүсэлт гаргаж, сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлагын дагуу үнэлгээнд хамрагдаж байгаа юм.