Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ   С.ЧИНЗОРИГ: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОЛОО    ЭМЯ   ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛСЫН БАЙР СУУРИЙГ ИЛЭРХИЙЛЖ ҮГ ХЭЛЛЭЭ   ЭМЯ   АРХАНГАЙН ЗООНОЗЫН ТӨВ СОРЬЦОО ӨӨРСДӨӨ ШИНЖИЛДЭГ БОЛЛОО  ЭМЯ  ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АССАМБЛЕЙН 77 ДУГААР ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ   ЭМЯ   УНТЭ: “БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ-2024” БОЛЛОО   ЭМЯ  
Шуурхай мэдээ

A- A A+

“ЗООНОЗЫН ХАЛДВАРЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” ХУРАЛД ТАВАН ОРНЫ ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ОРОЛЦОЖ БАЙНА


“Зоонозын халдварын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 25 дахь хурал өнөөдөр /2023-06-23/ Нийслэлийн онцгой байдлын газрын хурлын танхимд боллоо.
  Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ЭМЯ, ДЭМБ-тай хамтран зохион байгуулж буй уг хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Казакстан, Швейцарийн холбооны улсын зоонозын гаралтай халдварт өвчний мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож, өөр өөрийн улс оронд зоонозын халдвараас иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгарч буй асуудлаа шийдвэрлэхэд чиглэсэн олон талт судалгааны үр дүнгээ танилцуулж байна.



Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, Зооноз өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах нар үг хэлсэн.
1998 оноос хойш тасралтгүй жил бүр зохион байгуулж буй уг хурлаар зооноз өвчин судлалын салбарынхан туршлага солилцохын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог уламжлалтайг ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах нээлтийн үгэндээ онцгойлон дурдсаж байв. 



Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахлын сургамжид үндэслэн дэлхийн улс орнууд зоонозын халдварын судалгаа, шинжилгээнд хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд ирээдүйд хүн төрөлхтөнд заналхийлэх олон зуун өвчин үүсгэгчийг нээн илрүүлэх тандалт судалгааны шинэ хөтөлбөрүүдийг хөгжүүлэх хандлага нэмэгдэж байгааг онцлоод “Дэлхийн хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн хөгжил, аялал жуулчлал зэрэг нь байгаль орчны тэнцвэртэй байдлыг алдагдуулж шинэ болон сэргэн тархах халдварын эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Манай орны хувьд хүн амаасаа 20 гаруй дахин олон малтай, эрчимжсэн мал аж ахуй хөгжиж байгаа, ан амьтан, араатан жигүүртнээр баян манай орны хувьд зоонозын гаралтай халдварын эрсдэл өндөр билээ. Үүнд Засгийн газар, ЭМЯ онцгой анхаарч тус салбарын үйл ажиллагааг зохицуулах, дэмжих эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний анхдагч хууль, Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад  тодорхой заалтуудыг оруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна.
КОВИД-19 цар тахлын дараа зоонозын халдварын мөн чанар, түүний учруулах хор хохирлыг хэрхэн бууруулах, цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаарх ойлголтод ихээхэн өөрчлөлт гарч байна. Тиймээс нийгмийн эрүүл мэндэд эрсдэл учруулахаар ноцтой байдал үүссэн үед хариу арга хэмжээний бэлэн байдлаа хангах, учирч болох эрсдэлийг бууруулах цорын ганц арга зам бол байгаль орчин, амьтан, хүний эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх явдал юм. Иймээс бүс нутгийн төдийгүй дэлхий нийтээр хамтран мэдээллээ солилцож хариу арга хэмжээний бэлэн байдлаа хангаж, салбар хоорондын уялдаа холбоогоо сайжруулах нь чухал юм” хэмээн энэхүү хурлын ач холбогдлыг үнэлсэн.  
 “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод талархал илэрхийлсэн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте эрдэм шинжилгээ судалгааны үр дүнгээ танилцуулж харилцан туршлага солилцсон цаашдын хамтын ажиллагаанд шинэ эхлэлийг тавьсан үр дүнтэй хурал болно гэдэгт итгэлтэй байгааг хэлээд ДЭМБ зоонозын өвчний тандалт, хяналтыг сайжруулахад санхүүгийн болон техникийн дэмжлэгийг үзүүлэхэд цаашид ч анхаарч ажиллана гэсэн юм.



 “Зоонозын халдварын тулгамдсан асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Казакстан улсын мэргэжлийн байгууллагын судлаач эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэсэн нийт 48 бүтээл ирүүлснээс 16 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүллээ.



Үдээс өмнөх хурлаар ЗӨСҮТ-ийн тархвар судлаач Д.Отгонбаяр “1993-2002 онд Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдлуудын тархвар судлал, эмнэл зүйн онцлог”, Мал эмнэлгийн хүрээлэнгийн Вирус судлалын лабораторийн  судлаач Э.Батмагнай “Монгол улсад гахай, хонинд хепатитын Е вирус илрүүлсэн дүн” илтгэлээ тавьсан бол Монгол, ОХУ-ын хамтарсан судлаачдын “2022 онд Орос, Монголын хилийн бүсээс илрүүлсэн yersinia pestis омгуудын бүрэн геномын дараалал” илтгэлийг ОХУ-ын Тарваган тахал эсэргүүцэн судлах хүрээлэнгийн захирал С.В.Балаханов, БНХАУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн судлаачдын “Өвөр Монгол болон Бээжинд гарсан тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдлын генетикийн эх сурвалжийг мөшгөх судалгаа, 2019 он” илтгэлийг ӨМӨЗО-ы Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн судлаач Жианюн Ли танилцуулсан. Түүнчлэн үдээс хойшхи хуралдаанаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн судлаачдын “Эх барихын ужиг дурдатгалтай эмэгтэйчүүдийн дундах токсоплазмоз халдварын тархалт, эрсдэлт хүчин зүйлийг тогтоосон дүн” зэрэг зоонозын гаралтай халдваруудын чиглэлээр хийгдсэн сонирхолтой судалгааны үр дүнг хэлэлцүүлж, шилдэг ханын илтгэл шалгаруулах үйл ажиллагаа боллоо.




 

Холбоотой мэдээ, мэдээлэл