Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛЭГ ХҮРТЭЛХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ БА ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ХОСЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ


Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт өвчтний амь насыг аврах, эрүүл мэндийн аюул эрсдэлийг буруулах тусламж үйлчилгээг хүмүүст үзүүлж байгаа хэдий ч түүнээс урьтаад эмнэлэг хүртэлх тусламжийг цаг алдалгүй, зөв шуурхай хүргэх нь өвчтний амь нас, эрүүл мэнд, цаашдын амьдралын чанарт сайнаар нөлөөлөх нэн чухал тусламж үйлчилгээ байдаг. Тиймээс эрүүл мэндийн салбар манлайлан олон салбарын оролцоотойгоор эмнэлэг хүртэлх тусламжийг хөгжүүлэх чиглэлээр санаачлан эхлүүлсэн төсөл тав дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
“Монгол Улсын гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах  төсөл”-ийг Австрали улсын Гриффит их сургуулийн доктор Хамиш Маклинаар удирдуулсан олон улсын баг Монгол Улсын Эрүүл мэндийн яамтай байгуулсан Санамж бичгийн хүрээнд хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоотойгоор 2017 оноос хамтран хэрэгжүүлж эхэлсэн.
Коронавируст халдварын цар тахалтай холбоотой түр хойшлогдоод байсан төслийн үйл ажилагааг идэвхжүүлж, Монголын талаас өргөтгөсөн бүрэлдхүүнтэй баг Австрали улсын Квийнслэнд мужийн Брисбэн хотод өнгөрсөн хоёрдугаар сард ажиллаад иржээ.

Royal Brisbane and Women's Hospital – RBWH
 
Эхний өдөр төслийн багийнхан Брисбэн хотын Насанд хүрэгсэд, эмэгтэйчүүдийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламж, гэмтлийн хүлээн авах тасаг, зүрх судасны тасаг, мэдээлэл сургалтын нэгж болон эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцжээ. Манай улсын тухайд 103 Түргэн тусламжийн эмч дуудлагаар авчирсан өвчтнийг эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгдөг бол Австралид Гал унтраах, яаралтай тусламж, аврах ангийн бүрэлдэхүүнд ажилладаг парамедик хүмүүс дуудлагын газар дээр очиж эмнэлэг хүртэлх тусламжийг үзүүлж, өвчтөний биеийн байдлыг тогтворжуулж, тусламж үйлчилгээ үзүүлсний дараа өвчтнийг эмнэлэгт хүргэж Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгдөг юм байна. Төслийн багийнхан тус эмнэлгийн мэдээлэл сургалтын төв дээр эмнэлэгт ирсэн өвчтний биеийн байдлыг тогтворжуулах дасгал сургуулилалтад оролцлоо.
 
 

Зөвхөн осол гэмтлийн өвчлөл, нас баралтын үзүүлэлтийг авч үзвэл жил бүр Монгол Улсын хүн амын өвчлөлийн тавдугаарт, нас баралтын гуравдугаарт осол гэмтлийн өвчлөл, нас баралт орсоор байна. Осол гэмтэлд өртөгсдөд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэх, ослоос шалтгаалсан нас баралтыг бууруулахын тулд эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийг илүү өндөр түвшинд хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.
 


Төслийн багийн очсон дараагийн байгууллага бол Квийсланд мужийн Гал унтраах, яаралтай тусламжийн төв юм. Тус төвөөс зохион байгуулсан ослын газар дээрээс эмнэлэг хүртэлх яаралтай тусламж үзүүлэх сургуулилалтад Онцгой байдлын ерөнхий газрын Тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор, төслийн парамедик зөвлөх Данкэн Макконелл нар биечлэн оролцсон.
 

Квийсландад хийсэн сургалт үйл ажиллагааны талаар төслийнхөн болон хамтран зохион байгуулагчдын сэтгэгдлийг сонссон юм.
 
Монгол Улсын багийн ахлагч, анагаах ухааны доктор Н.Сувд:
-Австралийн Квийнсланд муж бол эрүүл мэндийн тусламж, засаг захиргааны бүтэц, хүн амын тооны хувьд ч тэр төвлөрсөн болон алслагдсан суурингийн хүн амд хүрч үйлчлэх байдлаараа ч тэр Монголтой төстэй. Эдний хүн ам нь 5.0 сая. Монголынх 3.4 сая. Энэ мужид эрүүл мэндийн тусламжийг 300 гаруй нэгжээр дамжуулан хүргэдэг бол манайх 330 сумтай гэх мэт ижил төстэй байдалд үндэслэн суралцах зүйл их байна.
Эмнэлэг хүртэлх тусламжийг сайжруулах зорилготой төслийн удирдагч профессор Хамиш Маклин, парамедик Данкэн Макконелл нар өмнө нь Монголд хоёр удаа  сургалт хийсэн. Гэхдээ төслийн баг зөвхөн сургалтаар хязгаарлах биш бодлого, хууль дүрмийн хувьд ч өөрчлөлт шинэчлэл хийх, хүмүүсийг улам өргөн хүрээгээр хамруулж чадавхжуулах, ялангуяа 103-ын түргэн тусламжийн хүний нөөцийг илүү чадавхжуулах, техник хангамжийг сайжруулах гэсэн том болон жижиг зураглалаар харж, алхам алхмаар ахиулах зорилготой ажиллаж байна.
 
Төслийн зөвлөх, парамедик Данкэн Макконелл:
-Осол гэмтлийн үед тухайн газар дээр анх ирсэн онцгой байдал, аврах ангийнхан эрүүл мэндийн талаас хүнээ үнэлэх, тогтворжуулах ажлыг эмнэлгийн тусламжийн баг иртэл үзүүлэх чадвартай байх ёстой. Тухайлбал, Австралид болон Канад улсад гэхэд эхний тусламжийг аврах багийнхан цогцоор нь үзүүлдэг. Нийгмийн эрүүл мэнд, яаралтай тусламжийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд өөрчлөлт гаргахыг бид зорьж байна. Тухайлбал, түргэнээр ирсэн эмч ганцаараа тусламж үзүүлэхийн оронд багаараа ажиллах, түүнд газар дээр нь туслах чадвар бүхий онцгойгийн ажилтан, жолооч гээд олон гар зэрэг ажиллаж, өвчтөнд хамтдаа тусламж үзүүлснээр хариу арга хэмжээг илүү хурдан, чанартай болгож, нас баралтыг бууруулах, өвчтний биеийн байдлыг зөв тогтворжуулах, улмаар тухайн нөхцөлөөс үүдэн үед гарч болох өвчлөл, хүндрэлийг бууруулах давуу талтай.

 
ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор:
-Австралийн Квийсланд мужийн Гал унтраах, яаралтай тусламж, аврах анги дээр өнөөдөр зохион байгуулж байгаатай яг адил үйл ажиллагааг манай нийслэлийн 105 аврах анги явуулж, эмнэлэг хүртэлх тусламжийг үзүүлдэг. Тиймээс энэ чиглэлээр албан хаагчдаа сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байгаа юм.

 
Төслийн хүрээнд 2023 оны аравдугаар сард эмнэлэг хүртэлх тусламжийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр, сертификат бүхий сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Төслийн удирдагч, Австралийн Гриффит их сургуулийн профессор Хамиш Маклин болон тухайн үед Монгол Улсын Эрүүл мэндийн яамны гамшиг, онцгой байдлын тусламж үйлчилгээний асуудал хариуцан ажиллаж байсан мэргэжилтэн Ч.Баярмаа нарын санаачлагаар эхлүүлсэн Монгол Улсын эмнэлэг хүртэлх тусламжийг хөгжүүлэх зорилготой энэхүү төслийн үйл ажиллагааг Австралийн Гриффит их сургуулийн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллаж байгаа нь төслийг урт хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм.


Австралийн Гриффит их сургуулийн ерөнхийлөгч, профессор Каролин Эванс:
-Монгол Улсаас төслийн багийн төлөөлөл дахин хүрэлцэн ирсэнд бид баяртай байна. Монгол улсад эмнэлэг хүртэлх тусламжийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бидний хамтарсан төсөл сүүлийн таван жилд чамлахааргүй амжилтанд хүрсэн. Бүх юманд Ковид хаалт хориг тавьсан. Харин өнөөдөр өмнөх жилүүдийн амжилтаа ахиулах сайхан боломж бидэнд ирж байна. Ирэх таван жилд энэ амжилтаа улам ахиулж чадна гэдэгт итгэлтэй байна. Учир нь, Монголын эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдтэй хүчээ нэгтгэн Монгол Улсад эмнэлэг хүртэлх тусламжийг сайжруулахад хувь нэмрээ оруулж, олон олон хүний амь насыг аврах үйл хэргийг хамтдаа бүтээх болно.


Сургагч багшийн сургалтыг зохион байгуулахаар аравдугаар сард Австрали, Канад улсуудаас мэргэжилтнүүд хүрэлцэн ирэх бөгөөд Монголын ЭМЯ, ОБЕГ, Яаралтай тусламжийн нийгэмлэг болон бусад холбогдох байгууллагууд хамтран ажиллах ажээ.     
 

Холбоотой мэдээ, мэдээлэл