Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

Ниппон сангийн төлөөлөлтэй уулзлаа


Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлага, Япон улсын Ниппон сангийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтанд ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, албадын дарга нар, Ниппон сангийн Гүйцэтгэх захирал Юүжи Мори, ОУ-ын хөтөлбөрийн газрын төслийн зохицуулагч Хитоми Номияама нар оролцож тус тусын байгууллагуудын болон Ниппон сангаас Монгол улсад хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг солилцон, цаашид хамтран ажиллах асуудлыг хөндлөө.



Тус сангаас 1991 оноос эхлэн манай улсад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд хамгийн амжилттай нь буюу 2003 – 2013 оны хооронд хэрэгжсэн  “Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх төсөл” байсан байна. Монгол Улсын Их хурал 1999 оны 07 сарын 02-нд “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлан уг бодлогыг ЭМЯ хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 Монгол Улсын Засгийн газар 2003 оноос уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд гадаадын зээл тусламжийг авч ашиглах шаардлага байгааг онцлон улмаар Япон улсын Ниппон санд хамтран ажиллах хүсэлт тавьсан

Ниппон сан хүсэлтийг хүлээн авч, судалгаа хийсний үр дүнд “Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх” төслийг боловсруулан Монгол Улсын ЭМЯ-ны дэмжлэг, Япон Улсын “Ниппон” сангийн санхүүжилтээр 2003 -2013 онд хөдөөгийн малчин өрхийн хүн амын дунд төсөл амжилттай хэрэгжсэн. Энэхүү төсөл Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” болон ДЭМБ-ын хүн амын эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны бодлого, шийдвэртэй шууд уялдаатайгаар хэрэгжиж ирсэн. Төсөл хэрэгжих хугацаанд эмнэлгийн тусламжийг тэр бүр амархан авч чаддаггүй, хөдөөгийн алслагдсан сум, багийн 20665 өрх, ойролцоогоор 100 гаруй мянган хүн төсөлд хамрагдаж, тэдний эрүүл мэндийг сайжруулахад уламжлалт анагаах ухааны аргуудыг ашиглах замаар анхан шатны тусламжийг үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдвар бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өрхийн эмийн сангийн уламжлалтын эм, түүний  хэрэглээний талаарх сургалтыг төслийн баг болон төсөлд хамрагдсан сум, багийн бага эмч нар малчин өрхийн иргэдийн дунд тасралтгүй зохион байгуулжээ.

Монгол Улс нь Японы “Өрхийн эмийн сан” гэсэн эрүүл мэндийн уламжлалт хэрэглээг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлсэн гадаадын анхны орон бөгөөд Монголд хэрэгжсэн Өрхийн эмийн сангийн тогтолцоог  Япон улсын судлаач Masaru Furukawa онцлон тэмдэглэж “Монгол загвар” гэж нэрлэсэн байна. Энэхүү загвар нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн хороо, зарим гишүүн орнуудын сонирхлыг татаж “Өрхийн эмийн сан”-гийн тогтолцооны “Монгол загвар” Тайланд, Мьянмар зэрэг улсуудад хэрэгжиж эхэлсэн билээ. 

Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтдээс бүрдсэн баг төсөлд хамрагдсан сумын эмч, багийн бага эмч нарт ЭМЯ-ны болон ДЭМБ-ын уламжлалт анагаахын бодлого, зөвлөмжтэй нийцэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт явуулсан нь ихээхэн ач холбогдолтой болж суралцагсдын сэтгэл ханамж өндөр, олж авсан мэдлэг, түүнийгээ практикт хэрэглэх чадвар, дадал сайжирч, уламжлалт анагаах ухааны практик хэрэглээ нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл