Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монголын хүүхдийн спортын V их наадам амжилттай болж, өндөрлөлөө


Монголын хүүхдийн спортын V их наадам бүтэн найман өдрийн турш амжилттай зохион байгууллагдаж, өнөөдөр өндөрлөлөө.
 
Тус наадмын нээлт есдүгээр сарын 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байсан бол өнөөдөр хаалтын арга хэмжээ Чингисийн талбайд боллоо.
 
Хаалтын арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд, Наадмыг зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатар, БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЭМСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ, аймаг, дүүргийн Засаг дарга, Биеийн тамир, спортын төвийн дарга, удирдлагууд болон өсвөрийн шилдэг тамирчид бусад албаны хүмүүс оролцлоо. Бүтэн найман өдрийн турш Улаанбаатар хотыг спортоор амьсгалуулж, ялалтын цуурай, хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг дор ялалт ялагдлыг дэнслэн агшин бүрт хүн бүхнийг догдлуулсан гайхамшигт өдрүүд ийнхүү өндөрлөсөн юм.
 
 
Их наадмын анхан шатанд спортын 42 төрөлд 100,000 гаруй өсвөрийн тамирчид хамрагдсанаас 17 спортын төрөлд 1876 өсвөрийн тамирчид эрхээ авч 147 багц медалийн төлөө өрсөлдөн тэдний дундаас аваргууд төрөн гарсан сайхан наадам боллоо.
 
 
Наадамд багийн дүнгээр Баянзүрх дүүрэг 21 алт, 19 мөнгө, 20 хүрэл нийт 60 медальтайгаар тэргүүн байр, Сүхбаатар дүүрэг 17 алт, 15 мөнгө, 23 хүрэл нийт 55 медалиар хоёрдугаар байр, Орхон аймаг 17 алт, 8 мөнгө, 14 хүрэл медальтайгаар гуравдугаар байранд тус тус шалгарсан юм. Наадамд баг тамирчидаа амжилттай бэлтгэн тэргүүлсэн аймаг, дүүргийн Засаг дарга, Биеийн тамир спортын удирдлагуудыг наадмыг зохион байгуулагчдын зүгээс шагнаж урамшуулсан юм. Түүнчилэн хаалтын арга хэмжээний сэтгэл догдлуулсан мөч бол наадамдаа маш амжилттай оролцож шилдгийн шилдгээр шалгарсан зургаан хүүхдийг шалгаруулж, тэд маань ижий нартаа хүндэтгэл үзүүлэн индэр дээр цэцэг гардуулсан явдал байлаа. 
 
 
Энэ удаагийн наадамд 190 дасгалжуулагч, 250 шүүгч, 230 сайн дурын ажилтан болон албаны төлөөлөгчид оролцсон бөгөөд наадмын нээлт, хаалт, тэмцээн уралдааныг МҮОНТ, NTV, Star TV, TM телевизүүдээр орон даяар шууд дамжуулсан билээ.  Их наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр АПУ ХК, хамтран ажиллагчаар Хасу мегаватт ХХК, Дашваанжил ХХК, Титэм дизайн ХХК, Эмпати ХХК, Лидер спортинг Монголиа ХХК зэрэг үндэсний компаниуд наадмын ивээн тэтгэгчээр ажилласан юм. Хамтран ажилласан бүх байгууллагууддаа Наадмыг зохион байгууллагчидын зүгээс дурсгалын зүйлс гардуулах ёслол ч энэ үеэр болсон. 
 
 
Чингисийн талбайг дүүргэсэн хүүхэд багачуудын уухайн түрлэг дор хамтлаг дуучид ая дуугаа өргөж, амжилттай оролцсон тамирчидаа магтан сайшаасан сайхан үйл явдал ийнхүү өндөрлөсөн юм.
 
 
 
Наадмын хаалтыг Эрүүл мэнд, спортын дэд сайд Наадмыг зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатар хийж хэлсэн үгэндээ “Их наадамд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс тамирчид оролцож, оролцогч байгууллага бүр медалийн эзэд болсон нь цаашид манай орны хүүхэд залуучуудыг их спортоор хичээллэх идэвхи сонирхлыг өрнүүлэх, ирээдүйн замыг чиглүүлж өгөхөд ихээхэн түлхэц боллоо хэмээн дүгнэж байна. Их наадмын Зохион байгуулах хорооны зүгээс энэхүү наадмыг олон улсын жишигт нийцүүлэхийн төлөө хичээн ажиллалаа.
 
Анх удаа галт бамбарыг буухиагаар их наадмын галыг асааж, эрх олгох тэмцээнийг зохион байгуулж, тэмцээнүүдийг эх орон даяар найман өдрийн турш шууд дамжуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд паралимп, дифлимп, тусгай олимпийн төрлөөр тэмцээнүүдийг зохион байгуулсан онцлогтой байлаа” хэмээсэн юм.
 
 
Ингээд наадмын турш бадамлан ассан галт бамбараа жаргааж, Зохион байгуулах хорооны дарга Т.Болдбаатарт шилдэг өсвөрийн тамирчид маань наадмынхаа тугийг гардуулан өгснөөр Монголын Хүүхдийн спортын V их наадам өндөрлөлөө.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл