Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар тус байнгын хорооноос эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж ажил хэрэг болгохоор багцалж боловсруулсан саналаа өнөөдөр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад хүлээлгэн өглөө.
Энэ үеэр өнгөрсөн онд ЭМСЯ-нд иргэдээс ирүүлсэн өргөдөлд гадаад оронд эмчлүүлэхэд санхүүгийн дэмжлэг хүссэн, эмчилгээ оношилгоо хийлгэхэд тулгардаг бэрхшээл, эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн чадвар, ёс зүйтэй холбоотой өргөдөл дийлэнх хувийг эзэлж байна. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт яам болоод харъяа байгууллага салбарын хэмжээнд 94,4 хувьтай байгааг танилцууллаа. Мөн Эрүүл мэнд, спортын салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулахаар өргөн бариад байгаа хоёр хуулийг батлахад дэмжихийг тэднээс яамны удирдлага хүслээ.
Сүүлийн хоёр долоо хоногт нийслэлийн зарим дүүргийн ЭМТ, нэгдсэн эмнэлэг, нэр бүхий хувийн эмнэлгүүдтэй танилцаж улсын клиник эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзалт хийж тэдний санал бодлыг сонсохын зэрэгцээ тулгамдаж буй асуудал хуулийн төслүүдэд анхаарлаа хандуулан ажиллалаа. Эрүүл мэндийн салбарт анхаарлаа хандуулах ажлыг шат шатандаа ойлгож, асуудлыг шийдвэрлэх гарцыг олохоор ажиллаж байна. Ер нь энэ салбарт эрс шинэчлэлт өөрчлөлтийг хийх цаг нь болсон гэж үзэж байна. Манай байнгын хороонд ирдэг өргөдлийн ихэнх хувийг эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл ирдэг хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм.
УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулахаар саяхан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл”-мйг Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгэч Ц.Оюунбаатар өргөн бариад байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн хангамж, хүртээмж сайжирахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Мөн Эрүүл мэндийн тухай хуульд бүрэн тусгагдаагүй эсвэл зохицуулалт шаардлагатай байгаа үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал, уялдаа холбоог хангах үйл ажиллагааны зохицуулалт, тусламж, үйлчилгээний төрөл, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын төрөл, зохион байгуулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын тусгай зөвшөөрлийг хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл, санхүүжүүлэх хэлбэр, төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн бие даасан байдлыг хангах удирдлагын тогтолцоо, боловсронгуй болгох зэрэг асуудлыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн зохицуулалтаар шийдвэрлэх юм.