Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Ахлах эдийн засагч Апарна Соманатан нартай Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа уулзаж, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих Цахим эрүүл мэнд төслийн талаар ярилцаж мэдээлэл солилцлоо.
Энэүү төсөл хэрэгжиж эхэлбэл эрүүл мэндийн салбарт шинэ өөрчлөлтийг авчирна. Улсын Их хурал дээр өнгөрсөн оны долоодугаар сард төслийг соёрхон батлах үед нэлээд маргаан дагуулсан. Тиймээс яаман дээр хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төсөлтэй хэрхэн уялдах, зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд ажлын төлөвлөгөөгөө нарийн гаргах хэрэгтэйг анхааруулсан юм. Тэрээр Монгол Улсын бүх сум шилэн кабельд холбогдсон учраас анхан шатны 600 нэгжийг орчин үеийн компьютер техникээр хангаж, өрхийн болоод сумын төвүүдийн мэдээллийг нэгдсэн тогтолцоонд оруулж чадвал бусад ижил төрлийн төслүүдээс ялгарч түрүүнд явах болно. Тиймээс богино хугацаанд шуурхай ажиллаж, зарчмаа тогтож зураглалаа гаргаад төслийн нэгжээ байгуулан, Удирдах хороогоо батлах ёстойг ТНБД С.Ламбаа хэллээ.
Төслийн ахлах эдийн засагч Апарна Соманатан хэлэхдээ энэхүү төсөл үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд, Цахим эрүүл мэнд төслийн суурийг тавих, Эрүүл мэндийн мэдээлэл солилцох загварыг гаргаж турших, мэдээллийн системийг хооронд нь уялдуулж мэдээлэл солилцох, эрүүл мэндийн үндэсний мэдээллийн төв байгуулахад энэхүү төсөл түлхүү ажиллана гэлээ.