НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибе 2011 оны 4-р сарын 4-8 нд Монголд айлчилж байна. НҮБ-аас Монгол улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж эхэлсний 50 жилийн ой 2011 онд тохиож байгаатай холбогдуулан ЭМЯ-ны санаачилгаар НҮБ-ын Хүн амын сангийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибег Монгол улсад албан ёсны айлчлал хийхийг урьсан бөгөөд Даваа гараг буюу 4-р сарын 4-ны өдөр УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа
эрхэм зочныг ЭМЯ дээр хүлээн авч уулзлаа. Хатагтай Хорибе удахгүй Женев хотноо болох НҮБ-ын захирлуудын уулзалтын өмнө ийнхүү манай улсад хийх айлчлалаа товлож зорин ирснээ онцлоод ирэх таван жилд НҮБ-ын ХАС-гаас Монгол улсад үзүүлэх тусламжаа бууруулахгүй байхаар төлөвлөсөн гэдгээ хэллээ. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, бүсийн захирлыг НҮБ-ын ХАС-гийн шугамаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон хоёр талын хамтын ажиллагааг бодит байдал дээр судлан энэ тухай захирлуудад танилцуулж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр хүчин чармайлт тавьж байгаад талархал илэрхийлэв. Хатагтай Хорибе, тусламжийн хэмжээг бууруулахгүй байх шийдвэр гаргахад нөлөөлсөн хүчин зүйл нь Монгол улс төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх бүрэн чадавхитай гэдгээ харуулж чадаж байгаа явдал юм гэлээ. Эрүүл мэндийн сайд хариуд нь, НҮБ-ын ХАС-гийн төсөл хөтөлбөрүүдтэй үр дүнтэй хамтран ажиллахад Монгол улсын ЗГ-аас анхаарч жилээс жилд өөрийн хөрөнгө оруулалтыг өсгөсөөр байгаа гэдгийг хэлэв. Уулзалтын дараа НҮБ-ын Хүн амын сангийн Ази,
Номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибе, төсөл хөтөлбөрүүд нь амжилттай хэрэгжиж байгаа, ХАС-гаас сонгогдсон баруун аймгуудад тусламжийн зүйлс гардуулах ёслолын ажиллагаанд оролцлоо. Энэ удаад нийт 608 сая төгрөгийн тусламж үзүүлж байгаагийн дотор машин, мотоцикл, мотоциклийн хамгаалалтын малгай, хүчилтөрөгчийн аппарат болон эмнэлгийн бусад нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүд орсон байв.
НҮБ-ын ХАС-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибе МУ-ын УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад бараалхах, Гадаад харилцааны сайд. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдтай ажил хэргийн уулзалт хийх, ЭНЭШТ-ийн үйл ажиллагаатай танилцах, Дархан-Уул аймагт ажиллах төлөвлөгөөтэй байгаа ажээ.