Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖЬЕ, ХАМГААЛЪЯ” хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа



Өнөөдөр ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжье, хамгаалъя” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн төрөх эмнэлэг, лавлагаа шатлалын эрүүл мэндийн төвүүдийн дунд зохион байгуулж байна.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд энэ үеэр "Хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Эхийн сүү нь нярай хүүхдэд хамгийн тохирсон, орлуулшгүй хоол тэжээл  бөгөөд халдварт болон халдварт бус өвчлөл, хоол тэжээлийн дутал, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, эрүүл чийрэг бойжилтод юунаас ч илүү ашиг тустай.  Мөн хүүхдийн эрүүл амьдралын суурь болдог. 
Харамсалтай нь сүүлийн 30 жилд эхийн сүүгээр хооллох нь Монгол Улсад буурч, өдгөө хоёр эхийн нэг нь хүүхдээ эхийн сүүгээр дагнан хооллож байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна." гэдгийг онцоллоо. 



Уг хэлэлцүүлгийн хүрээнд эхийн сүүгээр хооллолтыг хамгаалах, дэмжих, таниулах ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газар, хандивлагчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэнд хандан уриалж байна. Хүүхдийг  зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллохыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:
  • Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих хөтөлбөрийг эрүүл мэнд, хоол тэжээлийн нэн шаардлагатай багц арга хэмжээний нэг хэсэг болгох
  • Хүнсний аюулгүй байдал доголдсон онцгой нөхцөлд байгаа хүүхэд, эхчүүдэд хөрөнгө оруулалт хийж, дэмжлэг үзүүлэхийг бодлого, хариу арга хэмжээний тэргүүн чиглэл болгох
  • Ээжүүдэд хүүхдээ хөхүүлэх цаг, орон зай, боломж олгосон гэр бүлд ээлтэй бодлогыг хэрэгжүүлэх. Ажил эрхэлж буй эхчүүдэд 18 долоо хоногоос доошгүй хугацаатай цалинтай амралт олгох.
  • Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж, эцэг, эх, асран хамгаалагч, эрүүл мэндийн ажилтнуудыг хүүхдийн сүүн тэжээл үйлдвэрлэгчид, худалдан борлуулагчдын сурталчилгааны нөлөөллөөс хамгаалан, зөв мэдээлэл, мэдлэгтэй болгох.
  • Эхчүүдэд чанартай зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын ур чадварыг сайжруулах зэрэг орно.
 
Хүүхдийн сүүн тэжээл нь нярай хүүхдийн эрүүл мэндэд ихээхэн эрсдэл дагуулдаг тул хүүхдийг эхийн сүүгээр хооллох боломжгүй тохиолдолд хүүхдийн сүүн тэжээлийг аюулгүй, зохистой байдлаар заавар удирдамжийн дагуу хэрэглэхийг НҮБ-ын Хүүхдийн Сан болон ДЭМБ-аас зөвлөж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл