Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

МОНГОЛ УЛСАД ХИЙСЭН СУДАЛГАА ДЭЛХИЙ ДАХИНД ЭМЭНД ТЭСВЭРТЭЙ СҮРЬЕЭГИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙГ ӨӨРЧЛӨХӨД ХУВЬ НЭМЭР ОРУУЛЛАА


Саяхныг хүртэл дэлхий дахинд олон эмэнд тэсвэртэй сүрьеэ (ОЭТС)-г 18-24 сарын хугацаанд эмнэлэгт хэвтүүлэн, ихээхэн зардал гарган  эмчилдэг байсан билээ. Монгол Улс 2014 оноос олон улсын, олон төвт буюу 5 улсыг хамруулсан, санамсаргүй хуваарилалт бүхий, хяналттай, 3-р үеийн, дэлхийд анхны, томоохон хэмжээний ОЭТС-ийн эмчилгээний хугацааг богиносгох эмнэлзүйн “STREAM” туршилт судалгаанд оролцож эхэлсэн билээ. Судалгааны 1-р шатанд 4 улс (Монгол, Вьетнам, Өмнөд Африк, Этиоп), 2-р шатанд 7 улс (Монгол, Гүрж, Молдов, Өмнөд Африк, Уганда, Этиоп, Энэтхэг)-ын 13 талбар оролцсон.  

Энэхүү судалгааг манай улсад ХӨСҮТ, Монголын сүрьеэтэй тэмцэх холбоо, олон улсад Medical Research Council (Лондонгийн их сургуулийн анагаахын судалгааны зөвлөлийн эмнэлзүйн туршилт судалгааны хэлтэс) , Сүрьеэ уушгины өвчинтэй тэмцэх олон улсын холбооны UNION Вайтал Стратежис байгууллагатай хамтран АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг USAID санхүүжилтээр хэрэгжүүлсэн билээ.

Судалгааны 1-р шатанд (2012-2018 он) ОЭТС-г 18-24 сар байсныг 9 сарын хугацаанд эмчлэх нотолгоог бий болгосон (Зураг 1).

Зураг 1. ОЭТС-г эмчлэх эмүүд

 

Судалгааны үр дүнг 2019 онд олон улсад хамгийн нэр хүндтэй, импакт фактор өндөртэй “New England Journal of Medicine” сэтгүүлд хэвлэн нийтэлж, Монгол судлаачид анх удаа зохиогчдын нэрсэд багтсан(Зураг 2).

 

Зураг 2. Судалгааны 1-р шатны үр дүн “New England Journal of Medicine” сэтгүүлд хэвлэгдсэн

 

Судалгааны II шатанд (2016-2022 он) ОЭТС-г эмчлэхээр шинээр гарсан бедаквилин эмийг сүрьеэгийн бусад эмтэй хослуулсан богино хугацааны 6 сарын болон тарилгагүй, бүх эмийг ууж хэрэглэх 9 сарын эмчилгээний горимын үр нөлөө, аюулгүй байдлыг судалсан. Энэхүү 2 шинэ горим нь ОЭТС-г эмчлэхэд хяналтын горимоос үр дүнтэй, аюулгүй болох нь батлагдсан. Судалгааны II шатны үр дүнг олон улсын, анагаахын шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй “The Lancet” сэтгүүлд хэвлэгдэхэд бэлэн болоод байна.

 

Тус судалгааны 1, 2-р шатанд нийт 1012 оролцогч хамрагдснаас Монгол улс 163 оролцогчийг элсүүлсэн ба судалгааны багт 90 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, Олон нийтийн оролцоог дэмжих зөвлөлийн 21 гишүүн, 3 аймаг, 8 дүүргийн сүрьеэгийн диспансер оролцон ажиллаж, үнэ цэнэтэй, өндөр чанартай, баттай нотолгоог бий болгосноор олон улсын хэмжээнд Монгол улсын нэрийг өндөрт өргөн, дэлхий дахинд сүрьеэг устгах, сүрьеэд өртсөн хүн амд ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа (Зураг 3).      Зураг 3. STREAM судалгааны эмчилгээний горимууд

 

Энэхүү судалгааны ач холбогдлын талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэлэхдээ -  тухайн үед буюу 2013 онд миний хувьд үндэсний сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийг удирдаж ажиллаж байсан, бид эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч нараа чадавхжуулах, судалгааны ур чадварыг сайжруулах зорилгоор Их Британы Medical Research Council   ба Дэлхийн уушигны сурьеэгийн эмч нарын холбоо буюу UNION зэрэг байгууллагад энэхүү судалгаанд хамрагдах санал тавьж тэднийг урьж, хэд хэдэн уулзалт хийж маш олон улстай өрсөлдөж, улмаар судалгааны баг Монголд ирж үнэлгээ хийж манай улс шалгарч оролцох боломж бүрдсэн. Судалгаанд оролцох эрхээ авахад лабораторийн чадавхи, хүний нөөц, судалгаанд оролцох багийн чадавхи, өвчтнөө удаан хугацаанд хянах боломжтой эсэх зэрэг шалгуур тавигдсан. Энэ судалгаанд оролцсон Монголын эмч судлаач Их Британи, ӨАБНУ-д очиж олон улсын томоохон эрдэм шинжилгээний хурлуудад нар судалгааны үр дүнг мэдээлсэн илтгэлээ тавьж судалгаанй үр дүн олон улсын иипакт фактор өндөртэй томоохон хэвлэлүүдэд хэвлэгдлээ. STREAM судалгааг Монгол Улсад анх удаа хэрэгжүүлснээр цаашид эмнэлзүйн туршилт судалгааг хэрэгжүүлэх үндэсний чадавхийг бий болгож, дэлхийн шилдэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудтай Монголын судлаачид мөр зэрэгцэн алхаж ажиллаж чадахыг харуулсан явдал боллоо. Судалгааны багийн эмч нарыг ЭМЯ зүгээс шагналд тодорхойлохоор төлөвлөж байгаа.

Цаашид ЭМЯ зүгээс судалгаа шинжилгээний ажлыг улам илүү онцгойлон дэмжиж, судалгаатай холбоотой хүнд суртлыг багасгаж,  асуудлыг хурдан шуурхай шийддэг болох, цахимжуулах, шаардлагатай журам зааврыг өөрчлөн сайжруулах болно.

Холбоотой мэдээ, мэдээлэл