Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв хамтран Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын арван жилийн төлөвлөгөөг танилцуулах, настанд ээлтэй нийгмийг бий болгоход салбар дундын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар салбар тус бүр номхон далайн баруун бүсээс эрүүл насжилтад бэлдэн гишүүн орнууддаа зөвлөмж болгож буй төлөвлөгөөтэй уялдуулан үндэсний хэмжээнд эрүүл насжилтад бэлдэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад санал авах зорилготой зохион байгуулагдав. Мөн настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого чиглэл, насжилт судлал, настны өвчлөлийн байдал, сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгааны үр дүнгүүд, настанд хүрч үйлчилж буй тусламж үйлчилгээний байдал хүртээмж, настанд ээлтэй орчин бүрдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.
Хүн амын насжилт болон дундаж наслалт дэлхий нийтэд, нэн ялангуяа номхон далайн баруун бүсийн улс оронд өндөр болсон өнөө цагт хүн амыг идэвхитэй урт наслалтад бэлдэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал юм. Хүмүүс илүү чанартай урт удаан амьдарч, олон жилийн турш эрүүл амьдрах мэдлэг, туршлага хуримтлуулснаар нийгэмд ихээхэн боломж, үр өгөөжтэй байх болно. Дэлхийд 65 ба түүнээс дээш насны 700 сая гаруй хүн амьдарч байгаа ба 2050 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэхээр байна. Манай улсад 2020 оны байдлаар 60 ба түүнээс дээш насны нийт хүн ам 7.3 хувийг эзэлж байгаа ба энэ тоо 2050 он гэхэд 18 хувьд хүрч 5 хүн тутмын 1 нь ахмад настан ангилалд багтах тооцоолол байна. Хүний насан туршид хуримтлагдсан, эрүүл мэндийн салбарын мэдлээс хальсан улс төр, нийгэм, эдийн засаг, орчны хүчин зүйлсийн харилцан үйлчлэл нь настны эрүүл мэнд, сайн сайхан байдлыг тодорхойлдог байна.
Иймээс нийгмийн орчныг настанд ээлтэй болгохын тулд салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, настнуудын хувь нэмрийг үнэлдэг, нийгмийн бүхий л амьдралд оролцох боломжийг нь хангасан орчин бүрдүүлэх шаардлагатай байна.