Эрүүл мэнд, спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, /ХӨСҮТ/ АНУ-ын GLead Sciences компанитай хамтран “Вирүст хепатитийн оношилгоо, эмчилгээ 2015” сэдэвт олон улсын давтан сургалтыг хийж эхэллээ. Энэ удаагийн сургалтад ХӨСҮТ, Улсын I, II, III төв эмнэлэг, 21 аймаг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, АШУҮИС, Сонгодо, Интермед, Грандмед Интерферон альфа зэрэг томоохон хувийн хэвшлийн эмнэлгийн гастроэнтерологи, халдвартын 130 гаруй эмч нар хамрагдаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх юм.
Уг сургалтад Эрүүл мэнд, спортын яамны халдвар, нян судлалын ерөнхий мэргэжилтэн академич П.Нямдаваа, дотрын ерөнхий мэргэжилтэн С.Наранцэцэг тэргүүтэй эрдэмтэн эмч, багш нар сонирхолтой сэдвүүдээр лекц унших аж.
Их Британи улсын Лондогийн Их сургуулийн профессор Европын элэг судлалын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн Боловсролын зөвлөх Жефри Душейко, АНУ-ын Калифони дахь Станфордын Их сургуулийн элэг судлалын тэнхмийн эрхлэгч, вирүст хепатит ба элэгний хавдарын эмчилгээний чиглэлээр эмнэлзүйн судалгаа хөтөлбөрүүдийг удирддаг дэд профессор Миндие Х Нгуеэн нар илтгэл тавина.
Мөн Итали улсын Ториногийн Их сургуулийн профессор, элэгний Д вирүс нээсэн, Европын элэг судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Марио Ризетто, Хонконгийн их сургуулийн анагаахын сургуулийн Дэд декан, архаг В хепатитийн чиглэлээр дэлхийд хамгийн олон судалгаа хийсэн судлаач, Мари хатан хааны эмнэлгийн доктор, профессор Ман Фун Иен нар элэгний архаг вирүст хепатитийн дэлхий дахины эмчилгээний удирдамж болон урт хугацааны ач холбогдол, эрт илрүүлэг, өвчтөнийг үнэлэх, эмийн сонголт, эмчилгээний хяналт, тохирох эмчилгээний сонголт, архаг В вирүст хепатитийн эмчилгээний стратеги, Д вирүст хепатит болон хавсарсан халдварын оношилгоо, элэгний хавдрын эрт илрүүлэг, хяналт оношилгоо болон өнөөгийн эмчилгээний талаар чухал ач холбогдолтой сэдвүүдээр илтгэл хичээлийг зааж хэлэлцэж байна.