Сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн хүрээнд сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлж, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдолын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд төр болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.
2016 оны 01-р сарын 03-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийг JCI Капитал салбар байгууллагатай хамтран зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, JCI Монгол ТТБ-ын үндэсний Ерөнхийлөгч Б.Нарантуяа, JCI Капитал салбар байгууллагын Ерөнхийлөгч С.Сосорбарам нар үг хэлэв.
JCI Капитал салбар байгууллага нь 2009 оноос хойш ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ арга хэмжээний үеэр 2016 онд байнгын донорын эзлэх хувийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны доноруудыг алдаршуулах чиглэлээр хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү өдрийн гол онцлог нь тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг ачтан доноруудаа олон нийтэд сурталчлах, урамшуулах зорилгоор “Донорын баяр”-ын өдөр болгож жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон явдал юм. Мөн ЦССҮТ-өөс санаачлан нийт 70 ба түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн доноруудыг “Хүрэл донор”, 100 түүнээс дээш өгөлттэй доноруудыг “Мөнгөн донор”, 150 түүнээс дээш өгөлттэй донорыг “Алтан донор”-оор тус тус өргөмжлөв. Нийт 176 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Д.Бум-Эрдэнэ нь анхны “Алтан донор”-оор өргөмжлөгдлөө.