
Монгол Улсын Засгийн газар, Төрийн албаны зөвлөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс Канад улсын Засгийн газрын санхүүжилттэйгээр Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Төрийн албаны үнэт зүйл-Эрүүл мэндийн ажилтнууд” зөвлөгөөн Сэлэнгэ аймагт 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнийг тус аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нээж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг нар цахимаар зөвлөгөөнд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.
Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл нийт 100 орчим эрүүл мэндийн ажилтнууд оролцов.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн яамнаас эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, мэргэжлийн ур чадвар, эерэг хандлага, ёс суртахуунтай хамт олны нэгдлийг бүрдүүлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага”, 2020 онд “Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяныг өрнүүлэхийн зэрэгцээ 2022 оныг Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил болгон зарлан ажиллаж байгаа талаар дурьдаад төрийн албыг нэр төртэй хашиж өөрийн мэдлэг чадвараа байнга дээшлүүлэн хүний төлөө сэтгэл зүрх гарган ажиллахын сацуу мэдлэг боловсролоо байнга дээшлүүлэн өргөсөн тангарагтаа үнэнч ажиллах нь Монгол улсынхаа төр засаг, ард түмний өмнө та бидний хүлээсэн эрхэм үүрэг болохыг дурьдан зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсэв.
Зөвлөгөөнөөр “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн багийнхан төрийн албаны үнэт зүйл, эмнэлгийн мэргэжлийн үнэт зүйл, түүний үнэлгээ, дизайн сэтгэлгээг эрүүл мэндийн үйлчилгээний үйл ажиллагаанд хэрэглэх, хувь хүний зан үйлийн нийгмийн нөлөө, хувь хүний чадамж зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв.