Олон улсын өрхийн эмч нарын холбоо 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Харин Монголд Эрүүл мэндийн сайдын 153 тоот тушаалаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг 2012 оноос эхлэн тэмдэглэж байгаа юм.
“Өрхийн эмч нарын өдөр”-ийн хүрээнд өнөөдөр Булган сумын ЗДТГ өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран “Нээлттэй хаалганы өдөр”-ийг “Өрхийн эмч үргэлж таньтай хамт” уриан дор Чинван Ханддоржийн талбайд зохион байгуулагдлаа.
Уг өдөрлөгөөр 0-6 , 6-10 насны хүүхдүүдийн амны хөндийн үзлэг, ахмадын үзлэг, эрт илрүүлгийн үзлэг хийхээс гадна А витамин зэрэг багц тэжээл тараах, өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Мөн Булган Эм Хангамж ХХК-аас тус өдрийг тохиолдуулан бүх бүтээгдэхүүндээ 8%-ийн хөнгөлттэйгээр үйлчилгээ үзүүллээ.