Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 37 дугаар тогтоол, 2021 оны 323 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийн 2022 оны 2 дугаар улирлын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох төслийн бичиг баримтыг 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 14-ний өдрийг дуустал хугацаанд Эрүүл мэндийн яаманд хүлээн авна.
Төсөл, хөтөлбөр, арга хэмжээний төсөлд тавих шаардлага:
1. Төслийн зорилго, зорилт нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тусгасан зорилтод нийцсэн байна. Төслийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19.3 дахь хэсэгт заасан дараах чиглэлийн дагуу бичсэн байна. Үүнд:
- Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх;
- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;
- Орчны эрүүл мэндийг хамгаалах;
- Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй амьдралын орчныг бүрдүүлэх;
- Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи тамхи мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх;
- Эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах;
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх.
2.1. төслийн нэр нь төслийн хүрээнд гүйцэтгэх үйл ажиллагаа, гарах үр дүнг илэрхийлэхүйц товч, тодорхой байх;
2.2. төслийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хүрэх үр дүн нь төслийн зорилтой бүрэн нийцсэн;
2.3. хэрэгжих боломжтой, үр дүнгийн урьдчилсан төсөөлөлтэй;
2.4. санхүүгийн тооцоололтой;
2.5. төслийн маягтыг зааврын дагуу бүрэн бөглөсөн;
2.6. заасан хугацаанд ирүүлсэн байна.
3. Аливаа татаас, урамшуулал, тусламж болон барилга байгууламж барих, түрээсийн зардал, бараа бүтээгдэхүүн худалдан авах зардлыг Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй.
4. Хавсаргасан маягтын дагуу төслийн саналыг бичиж,
- 1 хувийг хэвлэмэл /цаасан/ байдлаар
- байгууллагын албан хүсэлт,
- байгууллагын гэрчилгээний хуулбар,
- байгууллагын өр төлбөргүй тухай харилцагч банкны тодорхойлолт,
- Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай бол гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн баримт бичиг болох “Гэрээ дүгнэсэн акт”-ын хуулбарыг хавсаргаж ирүүлнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САНГИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН МАЯГТ ТАТАЖ АВАХ