Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

МОНГОЛ УЛСАД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБА, ОРЧИН ЦАГИЙН АНАГААХ УХААН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА


Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжих эхлэл 1921 оны 3 дугаар сарын 18 өдөр Ардын журамт цэрэг Хиагтийг чөлөөлсний дараа шархадсан цэргүүдийг эмчлэн сувилах зорилготой эмнэлгийн түр хороог Европ эмчилгээтэйгээр байгуулсанаас үүдэлтэй гэж үздэг.

1921 онд Монгол Улс нь 640 гаруй мянган хүн амтай, жилд 10 гаруй мянган хүүхэд төрдөг ч 48 хувь нь 3 нас фхүрэхгүй энддэг, хүн амын өсөлт зогсонги байдалд орсон байжээ. Тухайн үед гадаадын зарим судлаачид Монгол Улсыг “мөхөж буй үндэстэн”-д тооцож байсан юм.

1921 онд Ардын засгийн газраас улс орноо сэргээх стратегийн чухал хэсгээ хүн амаа өсгөх хэмээн тодорхойлж, зорилт, зорилгоо дэвшүүлж байсан байна. Энэ хүрээндээ 1923 онд ЗХУ-аас дотор, мэс засал, арьс өнгөний зэрэг нарийн мэргэжлийн 10 гаруй эмчийг урин авчирч хүн амаа орчин үеийн анагаах ухааны шинжлэх ухаанд суурилсан эмчилгээг хийж эхэлжээ. Ийнхүү мөхөж буй гэх анхааруулгад өртөж байсан Монгол Улсын хүн ам тасралтгүй өсч 2021 онд Монгол Улсын Хүн ам 3,4 саяд хүрч дундаж наслалт 70,7 болжээ. Энэ нь 100 жилийн хугацаанд Эрүүл мэндийн салбар хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хийсэн ажлын үр дүнг илэрхийлэх тоон үзүүлэлт юм.

Эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тасралтгүй хөгжиж,  эх орондоо эмчилдэггүй өвчний тоог цөөрүүлсээр,  орчин үеийн дэвшилтэт оношилгоо эмчилгээний техник технологийг нэвтрүүлэн дэлхийн хэмжээний тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Өдгөө эрүүл мэндийн салбар 4575 эрүүл мэндийн байгууллага, 56 мянган ажилтан, 900 гаруй эрдэмтэн судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн Монгол улсын хөгжлийн “үндсэн тулгуур” салбар болтлоо хөгжсөн байна. Сүүлийн үед дэлхий нийтээр аливаа улс орны хөгжлийн түвшинг эдийн засгийн өсөлтөөр хэмжих хандлагаас зайлсхийн хүний хөгжлийн асуудалд гол анхаарлаа хандуулж байна. Хүний хөгжлийг хэмжиж буй энэхүү гол үзүүлэлтийн нэг нь хүн амын дундаж наслалт байдаг бөгөөд Монгол Улсын хувьд хүн амын дундаж наслалт, эх нярайн эндэгдэл, нас барах өвчний голлох шалтгаан зэрэг Эрүүл мэндийн үзүүлэлт тогтмол сайжирч буй юм.

Ойн хүндэтгэлийн баярын хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд“ Монгол Улсын эрүүл мэндийн салбар хөгжлийнхөө явцад дэлхийн түүхнээ дурсагдах олон ололт амжилтыг бүтээсэн. Тухайлбал, 20 дугаар зуунд л гэхэд 300 сая хүний амь насыг авсан авч одсон “цагаан цэцэг” -ийн эсрэг вакциныг эх орондоо үйлдвэрлэн 1940 он гэхэд “цагаан цэцэг өвчин”-ийг бүрэн устгасан Азийн анхны улс орон болсон, Дэлхий дахины Мянганы хөгжлийн зорилтын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах амлалтдаа хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон зэрэг амжилтаараа бид энд бахархахгүй байхын аргагүй. Цаашид Монгол улсын хөгжлийн чиг баримжаа болсон “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгагдсан зорилго, зорилтыг бүрэн хэрэгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллах болно. Хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэддээ илүү ойрхон, “оношилох” гэхээсээ илүүтэй урьдчилан сэргийлэх, “эмчлэх” гэхээсээ илүүтэй эрүүл амьдралын хэв маяг, эрүүл зан үйлийг хэвшүүлэхэд иргэд олон нийтийн оролцоог идэвхжүүлэн, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх замаар хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, санхүүжилтийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлэн ажиллана. Монгол Улсад эрүүл мэндийн улсын алба, орчин цагийн анагаах ухаан үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан улс орны хөгжлийн “үнэт эрдэнэ” монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсийн эзэн, улс орны хөгжлийн түүчээ нь болсон эрүүл мэндийн салбарын ажилчид болон та бүхний үргэлж дэмжлэг, найдвартай ар тал болсон гэр бүлийнхэнд тань эрүүл энх, урт удаан, аз жаргалттай амьдрахыг хүсэн ерөөе” хэмээв.

Монгол Улсын Эрүүл мэндийн салбар нь хөгжлийнхөө хугацаанд орчин цагийн анагаах ухааны эмч мэргэжилтэнг 1942 оноос эхлэн дотоодод бэлтгэж эхэлсэн бөгөөд анхны 13 их эмчийг 1942 онд бэлтгэн гаргаж байжээ. 1962 онд Монгол Улс нь Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад элссэн бөгөөд энэ цагаас хойш тус байгууллагын гишүүний үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хуралд 21 аймаг, 330 гаруй сум, Улаанбаатар хотын 9 дүүрэг, нарийн мэргэжлийн эмнэлгийн төлөөлөл оролцов.

Монгол Улсад Эрүүл мэндийн алба, орчин цагийн анагаах ухаан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг эрхэм танд хүргэе. Танд зориулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдын дэвшүүлж буй баярын мэндчилгээ, Эрүүл мэндийн салбар 100 жил баярын хөтөлбөр, Дэлхийтэй зэрэгцсэн 100 жил баримтат кино, теле концерт, гэрэл зургийн сонин содон бүхнийг https://moh.gov.mn/zuunjil линкээр орж сонирхоно уу. Хүн амын Эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй Эрүүл мэндийн салбарын эрхэм хүмүүн танд баярын мэнд хүргэе.                                                                                                                                                                                                                                                                                                                                            



 

Холбоотой мэдээ, мэдээлэл