

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын Төрийн байгууллалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар оролцож, үг хэлэв. Эрхэм гишүүд сургалтыг нээхдээ коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед тэргүүн эгнээнд ажиллаж эх, нярайн эрүүл мэндийг сахин хамгаалж буй эх барих, эмэгтэйчүүд, нярайн эмч, эх баригчдад талархал илэрхийлээд Архангай аймагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулан сургалтад оролцогчдод амжилт хүслээ. Эрүүл мэндийн яамны зүгээс эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа танилцууллаа.
Сургалтад Архангай аймгийн 19 сумдаас эх барих, эмэгтэйчүүд, нярайн эмч, эх баригчид, багийн эмч нар оролцож, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн их эмч, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш нар эх барихын яаралтай тусламжийн чиглэлээр хичээл зааж байна. Сургалт 2 хоног үргэлжилнэ.