ДЭМБ-ын санхүүжилтээр ЭМСЯ-ны харъяа Шуурхай удирдлагын төвийн салбар нэгжийг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн /НЭМХ/, Зоонозын өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮ/-д шинээр байгуулан өнөөдөр нэгэн зэрэг нээлтээ хийлээ. Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Бат-Эрдэнэ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Су.Ньюнт болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Одоогоос нэг жилийн өмнө Шуурхай удирдлагын төвийг Эрүүл мэнд, спортын яаманд ДЭМБ-ын санхүүжилтээр нээж байсан бол, өнөөдөр манай харъяа гурван байгууллагад нэгжийг нээж байна.Энэхүү шуурхай удирдлагын нэгж нээгдсэнээр эрүүл мэндийн аюулгүй байдлын харилцаа холбоо сайжирч, мэдээллийг түргэн шуурхай харилцан солилцох, туршлага солилцох, дадлага сургуулилт хийхэд чухал ач холбогдолтой юм. Дэлхийн жишигт хүрсэн видео хурлыг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан аймаг, зарим дүүргүүдийн лавлагаа төвүүдтэй богино хугацаанд холбогдох өргөн боломжийг бүрдүүлсэн ДЭМБ-ын хамт олонд талархалаа илэрхийлж байна хэмээн ТНБД Н.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн ДЭМБ-ын суурин төлөлөгч Др.Су.Ньюн цаашдаа ч эрүүл мэндийн салбарыг бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ уламжилсан. Энэ үеэр цахимаар ЗӨСҮТ, НЭМХ-ийнхэн шууд холбогдож эрүүл мэндийн салбарын хувьд дэвшил гарсан томоохон ажил болоод зогсохгүй зөвхөн мэдээллийг дамжуулахаас гадна сургалт зохион байгуулах цаашдын үйл ажиллагаагаа шинэ түвшинд гаргахад бодит дэмжлэг боллоо хэмээн хэлж байв.
Мөн энэ үеэр Увс аймгийн Эрүүл мэндийн төвтэй цахимаар холбогдож тус аймгийн Тэс суманд гарсан хордлогын талаар болоод цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл авч хариу арга хэмжээг хэрхэн авч ажиллах талаар заавар зөвлөгөөг Төрийн нарийн бичийн дарга Н.Бат-Эрдэнэ өглөө.