
Эрүүл мэндийн яамнаас Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөл буюу 1) даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан ТББ, 2) эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, 3) эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийг тус тус төлөөлөх гишүүдийг нэр дэвшүүлэн сонгох хурлыг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн тухай хуулиуд болон батлагдсан журмын хүрээнд зохион байгуулж дууслаа.
Эдгээр эмнэлгүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлд хамт олныг төлөөлөх гурван гишүүн буюу 1) эмч, 2) сувилагч/тусгай мэргэжилтэн болон 3) эмнэлгийн мэргэжилтнээс бусад ажилтны төлөөлөл 3 хүнийг эмнэлэг тус бүрийн хамт олны хурлаас нэр дэвшүүлэх үйл ажиллагаа дээрх эмнэлгүүдэд эхлээд байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамнаас нэгдсэн удирдамж гарган хүргүүлээд байна. Эрүүл мэндийн яамнаас нэр бүхий эмнэлгүүдийн удирдлагад Төлөөлөн удирдах зөвлөлийн хамт олны төлөөлөлд нэр дэвшүүлэх хурлыг байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Залуучуудын зөвлөлтэй хамтарч, хамт олны оролцоог ханган, ил тод зохион байгуулах чиглэлийг өгсөн бөгөөд арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.