
Г.Дашзэвэг нь 1937 онд Дорноговь аймгийн Өргөн суманд төрсөн. Тэрбээр 1961 онд МУИС-ийг төгсөж, 1974 онд ЗХУ-ын Анагаахын ухааны академийн дэргэдэх аспирантурт Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, 1981 онд доцент, 1996 онд профессор, 2017 онд АШУҮИС –ийн “Хүндэт профессор” цол тус тус хүртжээ.
Г.Дашзэвэг нь 1961-1964 онд МАХН-ын Төв хороонд редактор, зааварлагч, 1964-1981 онд Анагаах ухааны Дээд сургуульд Физиологийн тэнхимийн багш, эрхлэгч, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, декан, Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, 1981-1989 онд МАХН-ын Төв хорооны Шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийг хамгаалахын хэлтсийн орлогч эрхлэгч, эрхлэгч, 1989-1990 онд БНМАУ-ын Биеийн тамир, спортын улсын хорооны дарга бөгөөд Монголын Үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч, 1990-1996 онд Монгол Улсын Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн яамны Нэгдүгээр орлогч сайд бөгөөд Улсын ариун цэврийн Ерөнхий байцаагч, Эрүүл мэндийн Тэргүүн дэд сайд бөгөөд Улсын ариун цэврийн Ерөнхий байцаагч, 1996-1998 онд Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, Азийн хөгжлийн банк, Мянганы сорилтын сангийн төслийн зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
Тэрбээр 1981-1986 онд МАХН-ын Төв Хорооны орлогч гишүүн, гишүүнээр, БНМАУ-ын Ардын Их хурлын 10, 11 дүгээр удаагийн сонгуулиар БНМАУ-ын Ардын Их хурлын депутатаар, МАХН-ын XVIII, XIX Их хурал, МАХН-ын Онц Их хурлын төлөөлөгчөөр тус тус сонгогдож байжээ.
Монгол Улсын төр, нийгэм, эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарт оруулсан түүний хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяатажилтан цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнажээ. Түүнчлэн Г.Дашзэвэг нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Бүх нийтийн эрүүл мэнд” медалиар шагнуулсан юм.
Г.Дашзэвэг нь их, дээд сургуулийн оюутан, эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээл, ном товхимол зэрэг нийт 300 гаруй бүтээл туурвиж, олон зуун шавь нараа дагалдуулан мэргэшүүлж, эрдэм судлалын ажлыг нь удирдсан эрдэмтэн байлаа.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, даруу төлөв, хүнлэг зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
У.ХҮРЭЛСҮХ, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ,
М.ОЮУНЧИМЭГ, Г.ДАМДИННЯМ, Л.ЭНХ-АМГАЛАН,Б.ДЭЛГЭРСАЙХАН, Т.ЭНХТҮВШИН, С.ЭНХБОЛД, Б.ГАНЗОРИГ, О.БАТЖАРГАЛ