Бразил улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Роберто Де Маттосыг Эрүүл мэнд,спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ, Зөвлөх Б.Өнөбаатар нар хүлээн авч уулзлаа. Бразил улс нь Монгол Улстай эртнээс найрсаг хамтын ажиллагаатай, эдийн засаг, хүмүүнлэг, биеийн тамир спортын чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байгаад талархалаа илэрхийлээд, таны дипломат ёсны арвин их туршлага мэдлэг чадвар цаашдын хамтын ажиллагаанд асар их үүрэг гүйцэтгэх болно гэдгийг уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Н.Бат-Эрдэнэ онцлон хэллээ.
Тэрээр Монгол Улсын Засгийн газар ХБНБУ-ын Засгийн газрын хооронд биеийн тамир спортын салбарт хамтран ажиллах талаар Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т өнгөрсөн зургадугаар сард гарын үсэг зурсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд Бразил улсын Палмас хотноо зохион байгуулагдсан Уугуул иргэдийн дэлхийн анхдугаар наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцсон бөгөөд энэ үеэр хоёр улсын эрүүл мэнд, спортын яамдын холбогдох албан тушаалтнууд анхны зөвлөлдөх уулзалтыг хийсэн.
Одоогийн байдлаар Бразилийн хөлбөмбөгийн “Зико сан”-ийн салбарыг манай улсад байгуулах талаар урьдчилан тохиролцоод байгаа. Мөн 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах жүдо бөхийн “Чингис хаан -2016 Гран при” тэмцээнд оролцох Бразилийн жудогийн баг тамирчдын Монгол Улсад байх зардлыг хариуцахаар болсныг мөн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын иргэд 90 хүртэл хоногоор тус улсад визгүй зорчихоор болж манай улсын тамирчид анхны визгүй зорчигчид болсныг хэлэхэд таатай байна гэсэн юм.
Ноён Элчин сайд Роберто Де Маттос халуун дотноор хүлээн авсанд талархалаа илэрхийлээд, Монгол Улсад хараахан манай элчин сайдын яам байгуулагдаж амжаагүй байгаа хэдий ч Бразилд байгаа Монгол Улсын Элчин сайдын яам маш сайн ажиллаж байгаа. Цаашдаа зөвхөн спорт гэлтгүй бүхий л салбарт хамтран ажиллах боломж бидэнд нээлттэй байгаа гэдгийг хэллээ.