
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Монгол улсын засгийн газар боловсруулан УИХ-аар батлуулж хэрэгжүүлж эхлээд байна. Уг бодлогын баримт бичигт 2050 он гэхэд Монгол улс нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно гэсэн зорилт тавьж зорилтыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт эрүүл дадал хэвшилтэй идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэх эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэх зорилтыг хүний хөгжлийн хэсэгт дэвшүүлэн тавьсан юм. Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 24 дүгээр тогтоолоор Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг батлан хэрэгжүүлж байна. Уг бодлогын баримт бичиг 2026 он хүртэл үргэлжилнэ. Тус бодлогын баримт бичгийн үр дүнтэй хэрэгжилт нь "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогыг цаашид амжилттай хэрэгжүүлэх тулгуур үндэс болох юм. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 2019 онд зохион байгуулсан 70-р чуулганаар "Эрүүл аюулгүй бүсийн ирээдүйн алсын хараа" стратегийн баримт бичиг батлагдан гарсан нь бүсийн хэмжээнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх, харилцан туршлагаа солилцоход ихээхэн ач холбогдолтой болж байна.

Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такаши Касай, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон Олон улсын зөвлөх багийнхан, бусад албаны хүмүүс оролцлоо. "Хүн амын эрүүл мэндийн төлөө-Ирээдүйд" стратегийн хэлэлцүүлгийг нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэллээ. Тэрээр “ Дэлхий дахинаа техник, технологийн хөгжил дэвшил асар хурдацтай хөгжиж байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийн хөгжилд шинэ шинэ эерэг болон сөрөг хүчин зүйлс бий болохын зэрэгцээ томоохон сорилтууд ч улс орнуудын өмнө тулгарч байна. Үүний нэгээхэн тод жишээ нь дэлхий дахинаа тархаад буй Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахал юм. Уг халдварын тархалт нь дэлхийн бүх улс орнуудад аливаа эрсдэлд бэлэн байдлаа бүрэн хангаж ирээдүйд учирч болох саад бэрхшээл, эрсдэлээ урьдчилан харсан хөгжлийн төлөвлөлттэй байхын чухлыг харуулсан сургамж болж байна. Өнөөдрийн зохион байгуулж байгаа энэхүү хэлэлцүүлгээр ирээдүйд хүрэхээр төлөвлөсөн алсын хараа, зорилго зорилтдоо хүрэхэд яг өнөөдрөөс юу хийх хэрэгтэй, хэрхэн хамтран ажиллах талаарх төлөвлөлтийн арга аргачлалыг эзэмшихийн зэрэгцээ харилцан туршлагаа солилцсон чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
.jpg)
"Хүн амын эрүүл мэндийн төлөө-Ирээдүйд" стратегийн хэлэлцүүлэг нь 2 өдөр үргэлжлэн зохион байгуулагдах юм. Энэхүү хэлэлцүүлэгийг манай улсад зохион байгуулж байгаа ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такаши Касай, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Сергей Диордица болон сургалтын баг хамт олон, Олон улсын зөвлөх багийнханд талархал илэрхийлье.