
Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн чуулган 5 дугаар сарын 24-ний өдөр эхэллээ. Дэлхий дахиныг хамарсан КОВИД-19 цар тахлын улмаас чуулганы хуралдааныг виртуал хэлбэрээр зохион байгуулж байгаа ба чуулган 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хуралдана. Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гаргах хамгийн дээд түвшний механизм бөгөөд 194 улсын гишүүнчлэлтэй тус байгууллага нь НҮБ-ын эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрөлжсөн байгууллага болохын хувьд гишүүн улс орнуудыг мэргэжлийн бодлого, арга зүйгээр хангах замаар хүний эрүүл мэндийг сахин хамгаалж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндсэн зорилготой.
Уламжлал ёсоор жил бүрийн 5 дугаар сарын гуравдугаар 7 хоногт Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулган хуралддаг боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас 2020 оноос хойш виртуал хэлбэрээр чуулж байна. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд сайд С.Энхболд Номхон далайн баруун бүсийг төлөөлж Ассамблейн Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Үүний өмнө академич П.Нямдаваа Эрүүлийг хамгаалах яамны Орлогч сайд байхдаа 1990 онд Дэлхийн эрүүл мэндийн 43 дугаар ассемблейн Дэд ерөнхийлөгчөөр, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа 1991 онд 44 дүгээр ассамблейн Ерөнхийлөгчөөр тус тус томилогдон ажиллаж байсан түүхтэй.
.jpg)
Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн ассемблейн чуулганы хүрээнд КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт, эрүүл мэндийн онцгой байдал, гамшгийн эрсдлээс хүн амыг хамгаалах, хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах хөгжлийн зорилтын хэрэгжилтийн явцын тайлан зэргийг хэлэлцэнэ. Ассамблейн үйл ажиллагааг өмнөх 73 дугаар Ассамблейн Ерөнхийлөгч, Швейцарийн Холбооны Улсад суугаа Бахамын Арлуудын Хамтын Нөхөрлөлийн Байнгын төлөөлөгч Кева Бэйн нээж үг хэлсний дараа Швейцарийн Холбооны Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Дотоод хэргийн сайд Ален Берсе, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, ХБНГУ-ын Канцлерь Ангела Меркель, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш зэрэг хүндэт зочид урилгаар үг хэлэв. Төр, засгийн тэргүүд хэлсэн үгэндээ КОВИД-19 цар тахлыг даван туулахад улс орнууд хамтран ажиллах, нэн ялангуяа олон талт хамтын ажиллагаа маш чухал болохыг онцолж, улмаар ирээдүйн болзошгүй цар тахал, эрүүл мэндийн онц ноцтой байдалд хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлж, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог бий болгох ёстой гэлээ.
Түүний дараагаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус КОВИД-19 цар тахлын дэлхий дахины нөхцөл байдал, түүнийг даван туулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилтын талаар үг хэлэв. Өнгөрсөн нэг жил гарангийн хугацаанд дэлхийн хэмжээнд 162 сая гаруй хүн халдвар авч өвчилснөөс 3,3 сая гаруй хүн амь насаа алдаад байна. Цар тахал эрүүл мэндийн салбарт дарамт учруулаад зогсохгүй улс орнуудын эдийн засаг, нийгмийн амьдралыг бүхэлд нь зогсонги байдалд оруулж, тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байгааг онцлов. Тухайлбал, дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хийгдээд байгаа 1,6 тэрбум тун вакцины 75 хувь нь арав орчим улсад ногдож байгаа бол хамгийн бага орлоготой улсуудад нийт вакцины 1 хүрэхгүй хувь нь таригдсан байна.
Цар тахлын улмаас дэлхийн улс орнуудад эрүүл мэндийн үндсэн тусламж үйлчилгээ доголдож байгааг Др.Тедрос анхааруулж, эрүүл мэндийн онц ноцтой байдлын улмаас үүсэх эрүүл мэндийн эрсдлийг бууруулж, бүх нийтийг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хамруулах замаар хүний эрүүл мэндийг хамгаалах үндсэн зорилтуудыг хангахад эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэв. Тэрбээр эрүүл мэндийн шинэ технологи, эм, вакцин, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг хөгжиж байгаа улс орнуудад тэгш, хүртээмжтэй болгох талаар ДЭМБ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс танилцуулав. Өнгөрсөн жилийн хугацаанд ДЭМБ-aас цар тахалтай тэмцэхэд дэмжлэг болгож эм, вакцин, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл, лабораторийн оношлуур зэрэг нэн шаардлагатай хэрэгслийг гишүүн улсуудад хүргэж түгээхээс гадна нийтдээ 1300 гаруй стратеги, зааврыг боловсруулж зөвлөмж болгон хүргүүлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ удаагийн цар тахлыг даван туулаад зогсохгүй дараа дараагийн болзошгүй цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлд өөрийн мандатын хүрээнд цаашид тууштай ажиллах зорилт тавьж байгааг мэдэгдэв. Др. Тедрос цар тахал эхэлснээс хойш хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалахын төлөө тасралтгүй ажиллаж байгаа орон бүрийн эрүүл мэндийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлэв. Ерөнхий захирлын тайлангийн илтгэлийн дараагаар Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн Ерөнхийлөгчөөр Зүүн өмнөд Азийн бүсийг төлөөлж Бутан Улсын Эрүүл мэндийн сайдыг сонгосон бол бусад бүсийг төлөөлөх таван Дэд Ерөнхийлөгчийг сонгосноор чуулганы эхний нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.