
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарынхны нэр хүндтэй бөгөөд амаргүй хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч, дэмжин урамшуулж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж, нийгмийн өмнө хүлээсэн мэргэжлийн үүргээ ягштал биелүүлж, цар тахалтай нүүр тулсан ч алжаах, зовохыг үл тоон, хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа салбарынхаа хамт олноор туйлаас бахархаж байна хэмээн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хүний гавьяат эмч, “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” хэмээх эрхэм цол хүртсэн болон Төрийн одон медалиар шагнуулсан эмч, мэргэжилтэн 31 гавьяат цолтон, 1000 гаруй төрийн дээд, одон медалиар шагналаа. Монгол хүн эх орондоо олон улсын төвшинд хүрсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чаддаг болоход бидний санаачилга, сэтгэл, хариуцлага, хамтын хүчин зүтгэл нэн чухал юм.
Эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ой тохиож байгаа энэ онд нийт дөрвөн баг хамт олон Төрийн шагнал хүртэж, 41 гавьяат цолтон төрөөд байна. Түүнчлэн зөвхөн эмч сувилагчаар тогтохгүй, эрүүл мэндийн бүх ажилтны төлөөлөл Төрийн одон медалиар энгэрээ мялаалаа.