
ЭХЭМҮТ-өөс “Төрсний дараах үеийн цус алдалт, яаралтай авах арга хэмжээ, үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдэвт цахим хурлыг 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, 2019-2021 оны эхний 4 сарын байдлаарх Монгол улсын эхийн эндэгдлийн байдлыг танилцууллаа. Ховд аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч П.Мөнхнаран “Цус алдалтын хүндрэлтэй тохиолдол”-ын танилцуулга, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Х.Цолмон “Төрсний дараах үеийн цус алдалт, яаралтай авах арга хэмжээ, үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдвээр мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэвэлмаа, Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг, ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нар цус алдалтын хүндрэлтэй тохиолдлын мэдээллээс нэмэлт тодруулга асуулт асууж, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөгөө өглөө. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Уранбилэг нарын асуултад ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвэг, эх барих эмэгтэйчүүдийн эмч Х.Цолмон нар хариулт өгч харилцан ярилцлаа. Цаашид эрсдэл өндөртэй жирэмсний хяналтын чанарт онцгой анхаарах, эхийн эрсдэл хүндрэлийг эрт тооцоолж, эмнэлгийн шатлал ахиулан шилжүүлэн төрүүлэх, төрөх үеийн тусламж үйлчилгээний стандарт удирдамжийг мөрдөх, эмч нар багаар ажиллах талаар ЭМЯ-ны удирдлага, мэргэжилтэн, ЭХЭМҮТ, Өргөө амаржих газрын удирдлага, зөвлөх эмч нар анхаарууллаа. Цахим хуралд идэвхитэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.