Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

АЙМАГ, ОРОН НУТАГТ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ,ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО


 

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдал,тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр Аймаг орон нутгийн эрүүл мэндийн газрын удирдлагууд болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн удирдлагуудтай  Эрүүл мэндийн яамны удирдлага цахимаар хуралдлаа. Хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэд сайд М.Баттүвшин, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нар оролцлоо.
   
Цахим хурлын нээж Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлж, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өгсөн юм.  ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр Коронавируст халдвар(КОВИД-19)-ын нөхцөл байдлын талаар илтгэл тавьж, аймаг орон нутгийн удирдлагуудад коронавирусын үеийн өвчлөлийн талаарх зөвлөмжийг өглөө. Аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд коронавирус / ковид-19 / өвчний өнөөдрийн нөхцөл байдал, тархалт, хариу арга хэмжээ, авч хэрэгжүүлж буй бодлогоо аймаг тус бүр танилцуулав. Мөн аймаг тус бүр тулгамдаж буй асуудал тус бүрээ танилцуулж, шийдвэрлүүлэх хүсэлтээ уламжилсан юм. Аймаг, орон нутагт ПСР шинжилгээ, түргэвчилсэн оношлуурын нөөц хомсдож болзошгүй учраас авах хүсэлтэй байна. Мөн хамгаалах хувцасны нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай талаараа аймаг бүр санал хэлэв. Үүнээс гадна зөвхөн ковид-19 өвчин гэхгүйгээр үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг авах хүсэлтэй гэдгээ танилцуулсан юм. 
 
 

Аймаг бүр тулгамдаж буй асуудлаа танилцуулсны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд үг хэлэв. Тэрээр аймаг бүрийн хүсэлт их. Боломж хязгаарлагдмал. Гэхдээ Эрүүл мэндийн яамны зүгээс аймаг бүрт тодорхой хэмжээний тоног төхөөрөмж, түргэвчилсэн оношлуур, ПСР шинжилгээний дагалдах хэрэгслийг өгнө. Үүнээс гадна Эрүүл мэндийн сайдын багцаас 5,1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах эрхийг 7 аймагт шилжүүлсэн. Эдгээр аймаг уг мөнгөөрөө шаардлагатай тоног төхөөрөмжөө авч ажиллахыг чиглэл болгов. Бөөрний дутагдлын улмаас Улаанбаатар хотыг зорьж эмчилгээ хийлгэдэг байсан иргэдийг асуудлыг шийдвэрлэхийн тулд 14 аймагт геомедиализийн аппарат хуваарилж буйгаа энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Эрүүл мэндийн сайдын  2021 оны А/102 дугаар тушаалаар аймгуудад 5,0 тэрбум төгрөгийн өртөг бүхий дархлаажуулалт хийхэд шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийг хуваарилсан. Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын 2021 оны 1, 2 дугаар сард улсын төсвөөс олгох санхүүжилтийн үлдэгдэл төсвийг гүйцэтгэл шаардахгүйгээр 4 дүгээр сарын 12 –ны өдөр шууд санхүүжүүлсэн. Тус олгосон санхүүжилтийн 70 хүртэл хувийг коронавируст халдварын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтны илүү цагийн хөлсөнд, 30 хүртэл хувийг тус ажилтнуудын хамгаалах хувцас хэрэгсэлд зарцуулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймаг, орон нутгийн эрүүл мэндийн газрын дарга нарт чиглэл болгов.
   
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс цахим хурлын үед аймаг бүрт яаралтай тусламжийн иж бүрэн тэргэнцрийг шилжүүлэх үүргийг Эрүүл мэндийн яамны зохих албан тушаалтанд даалгав. Уг тэргэнцэр нь яаралтай тусламж үзүүлэх иж бүрэн тоноглогдсон бөгөөд орон нутагт зайлшгүй байх ёстой эмнэлгийн тоног төхөөрөмжийн нэг юм. Коронавирусын халдварын нөхцөл байдал хүндэрч буй энэ үед тав, зургадугаар сардаа багтаан 16 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулахаар болжээ. Уг ажилд зарцуулагдах 9,3 тэрбум төгрөгийг шийдвэрлэсэн байна. Бид цаг үеийн нөхцөл байдлаас хамааруулан цар тахлын эсрэг эм, эмнэлгийн хэрэгсэл, нэг удаагийн хамгаалах хэрэгслүүдийг яаралтай хуваарилан хүргүүлэх болно. Түүнчлэн одоо удахгүй ирэх рентген аппаратууд, эхо, бусад тоног төхөөрөмжүүдийг ирүүлсэн хүсэлтүүдэд тулгуурлан шийднэ. Үлдэж байгаа хүсэлтүүдийг бид судлан үзэж иргэдийнхээ эрүүл мэндийг төлөө цаг наргүй ажиллаж байгаа та бүхнийхээ ажиллах орчинг сайжруулах, нөхцөл бололцоог хангах үүднээс донор байгууллагуудтайгаа цаашид нягт хамтран ажиллаж, шийдвэрлэх болно гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл