Эрүүл мэндийн яамнаас 2011-2012 онд 100 сувилагчийг мэргэжлийн сургалтанд хамруулахаар төсөл боловсруулан Сингапур улсын Наньяны Политехникийн Их Сургуульд өргөн барьсан юм. Харин төслийг хэрэгжүүлэх нөхцөл байдлын талаар судалгаа хийхээр тус сургуулийн Гадаад хамтын ажиллагааны тэнхимийн эрхлэгч ноён Ц.Фунг болон
Сингапур улсын аливаа сургалт, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ эрхэлдэг Темасекийн сангийн ажилтан ноён Жералд Юү тэргүүтэй төлөөлөгчид 2011 оны 3 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд Монголд хүрэлцэн ирж ажиллалаа. Төлөөлөгчид Эрүүл мэндийн яам, түүний харъяа Хавдар судлалын үндэсний төв, Улсын клиникийн төв эмнэлэг болон зарим дүүргийн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж судалгаа хийсэн байна. Сингапур улсын Наньяны Политехникийн их сургуулийн Гадаад хамтын Ажиллагааны тэнхимийн эрхлэгч ноён Ц.Фунг болон тус улсын Темасекийн сангийн төлөөлөгч ноён Жералд Юү тэргүүтэй төлөөлөгчдийг 2011 оны 3 дугаар сарын 22-нд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон хүлээн авч уулзан, хамтран ажиллах цаашдын чиглэлээ тогтоох зорилгоор санал солилцов. Уулзалтын үр дүнд Сингапурын Наньяны Политехникийн сургуульд монголын сувилагч нарыг сургах төслийг хэрэгжүүлэх нэн тэргүүний нөхцөлүүдийг тохиролцож, Харилцан Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангуулахаар болжээ.