Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

Европын Холбооны санхүүжилттэй төслийн хүрээнд ХӨСҮТ-д Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үеийн бэлэн байдлыг хангахад зориулан 370 ширхэг эмнэлгийн орыг хүлээлгэн өглөө


Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Эрүүл мэндийн яаманд Ковид-19 цар тахлын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн 370 эмнэлгийн тоноглогдсон ор хандивлалаа. Энэхүү арга хэмжээнд Эрүүл Мэндийн Дэд Сайд М.Баттүвшин, Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчид сайд ноён Траяан Христеа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Үндэсний захирал хатагтай Б.Болорцэцэг нар оролцсон юм.
 


 
Энэ үеэр Эрүүл мэндийн Дэд сайд М.Баттүвшин хэлэхдээ: “Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдварын тоо өдөр  ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед, Европын Холбооны санхүүжилттэй төслийн хүрээнд хүндэрсэн өвчтөнд шаардлагатай эмчилгээний ор хандивлан тусламж үзүүлж байгаад талархлаа илэрхийлье. “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Эрүүл мэндийн ажилчдыг хариу арга хэмжээний ур чадварт сургах, эмзэг бүлгийн иргэдэд туслах, вакцин нийлүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаад, Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, нийт ард түмний нэрийн өмнөөс дахин талархаж байгаагаа илэрхийлж байна. Бид үүнийг энэ цаг үеийн хамгийн чухал тусламж гэж харж байна. Бид хэрэгцээтэй газар нь хувиарлаж, үр дүнтэй зарцуулах болно” хэмээсэн юм.
 
Коронавирусийн цар тахлын үеийн хариу арга хэмжээний үеэр Европын Холбоо Монгол Улсыг дэмжихээ илэрхийлэхийн хамт Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчид сайд ноён Траяан Христеа хэлэхдээ“Өнөөдөр Европын Холбооноос Монгол Улсад үзүүлж буй тусламжийн хүрээнд COVID-19 -р өвчилсөн хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ашиглагдах 315,000 евро буюу 1 тэрбум 74 сая төгрөгийн өртөгтэй 370 тоноглогдсон эмнэлгийн орыг хүлээлгэн өгч байна. COVID 19-ийн дотоодын халдварын тохиолдол нэмэгдэж эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн хэрэгцээ шаардлага улам бий болж буй энэ үед уг тусламжийг үзүүлж байгаадаа бид баяртай байна. Түүнчлэн, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын томоохон санхүүжилтээр хэрэгжүүлж буй Ковакс хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс Астра Зенека (Astra Zeneca)-ын 163.200 тун, Файзер (Pfizer)-ын 25.740 тун вакциныг тус тус хүлээн авна” гэж онцлов.


 
Уг үйл ажиллагаанд оролцож буй ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сергей Диордица ДЭМБ-ын зүгээс Ковид 19-ын үед нэн шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн хөрөнгө оруулалтуудад тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах талаар ЕХ-ны төлөөлөгчийн газарт зөвлөмж өгч хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Цаашид ДЭМБ-ын зүгээс Европын Холбоо болон бусад түнш байгууллагуудтай цаг тухайд нь дэмжлэг үзүүлэх талаар ярилцаж, шийдлийг олохын тулд үргэлжлүүлэн хамтарч ажиллана. Энэхүү боломжийг ашиглан Эрхэмсэг ноён Элчин сайд Траян Христеа болон Европын Холбоо, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний Захирал хатагтай Б.Болорцэцэг нарт “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд цагаа олсон дэмжлэг туслалцааг үзүүлж байгаад дахин талархал илэрхийлье” гэв. Мөн Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Үндэсний захирал хатагтай Б.Болорцэцэг:Дэлхийн зөн Олон Улсын байгууллага нь Монгол Улсад 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Зорилтот бүлгийн хүүхдүүд, тэдний гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, олон улсын төрийн бус байгууллага. Эрүүл мэндийн яам, ДЭМБ, Европын холбоонд хүсэлт тавьж, Дэлхийн зөн Олон Улсын байгууллагыг хэрэгжүүлэгчээр оролцохыг урьж, уг төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ бол бидэнд үзүүлсэн итгэл найдвар гэж харж байна. Төслийн томоохон арга хэмжээ нь эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс Европ стандартын 370 ширхэг эмнэлгийн орыг ханган нийлүүлэх юм. Үлдсэн хугацаандаа зорилтот бүлгийн өрхүүдэд Коронавиурсийн үеийн сөрөг нөлөөллийг даван туулах, тэдний амьжиргааг дэмжих, орон нутгийн түвшинд хамтран ажиллах, иргэний нийгмийн байгууллагыг чадавхжуулах журмаар иргэдийн амьжиргааг дэмжих үйл ажиллагаа явуулна” гэв.

 
Европын Холбооны санхүүжилттэй Дэлхийн Зөн ОУБ-ын хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төсөл нь 2021 оны эхээр хэрэгжиж эхэлсэн.  Тус төслийн үндсэн зорилго нь Ковид-19-ийн сөрөг нөлөөлөлд өртсөн эмзэг өрхүүдэд нэн яаралтай хүнс тэжээл, эрүүл мэнд, ус эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар тэдний амьжиргааг дэмжих бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудыг цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай багаж хэрэгслээр хангаж эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.      
 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл