
2021 оны 1-2р долоо хоногт улсын хэмжээнд ТТӨ амбулаторийн үзлэгийн 1.4 - 1.8% 10,000 хүн амд 3.7 – 5.3 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн 3жилийн дунджаас 8.8%, харин 10,000 хүн амд 3 жилийн дундаж үзүүлэлтээс 40.9 тохиолдлоор тус тус бага байна. Энэ нь томуугийн вакцинд эрсдэлт бүлгийн хүн амын дийлэнхийг хамруулсан, мөн иргэдийн маскны хэрэглээ сайн байгаа, олон нийтийн хамарсан үйл ажиллагааг хязгаарласан зэрэг нийтийн эрүүл мэндийн интервенцүүдийн үр дүн хэмээн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.
ХӨСҮТ-ээс гаргадаг 7 хоног тутмын мэдээнээс харахад 2021 оны 2-р 7 хоногийн байдлаар томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн сорьцонд томуугийн вирүс илрээгүй, мөн томуугийн эпидемид явагддаг 12- 1 сард томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр анх удаа улирал хоорондын түвшинд байна. Харуулдан тандалтын сорьцонд амьсгалын замын халдвар үүсгэгч бусад вирүс илрүүлэх шинжилгээгээр риновирүс илэрсэн байна.