Монгол Улсад 2008 оноос хойш НҮБ-ын Хүн амын сангийн “Нөхөн үржихүйн эм хэрэгслийн тасралтгүй хангалтыг өргөжүүлэх, дэлхий дахины хөтөлбөр” хэрэгжиж эхэлсэн билээ. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг тухайн улс, бүс, дэлхийн нийтийн түвшинд “Хяналт-үнэлгээ”-ний хүрээнд урьдчилан боловсруулсан судалгааны загвар, үзүүлэлтээр үнэлдэг. Монгол Улсад энэхүү судалгааг өнгөрсөн жилүүдэд хийж, хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээ өгсөөр ирсэн.
НҮБ-ын Хүн амын сангаас боловсруулсан аргачлалын дагуу НҮБ-ын хүн амын сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улс дахь Жирэмслэхээс сэргийлэх орчин үеийн эм хэрэгсэл, эх барихын ба НҮЭМ-ийн зайлшгүй шаардлагатай амин чухал эмийн хангамж“-ийн үнэлгээний тав дах удаагийн судалгааг ЭХЭМҮТ-ийн судлаачдын баг хийж гүйцэтгэлээ.
Судалгаанд АШУҮИС-ийн багш Д.Янжинсүрэн, Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэгийн ахлах зөвлөх И.Даваадорж, “Амгалан” амаржих газрын дарга Д.Бат-Очир, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Ганболд, СХДЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүд, НҮЭМ-ийн ерөнхий зохицуулагч М.Панзила, ЭХЭМҮТ-ийн ЭБЭ-ийн эмч М.Пүрэвтогтох, Д.Энхмаа, Тандалт судалгааны алба, Статистик мэдээлэлзүйн тасгийн хамт олон оролцож, судалгааг хийж дуусгаад байна.
Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, ЭХЭМҮТ, БОЭТ, амаржих газрууд, хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүд, өсвөр үеийн клиникүүд, сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, багийн эмнэлэг, эх барих эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж, ЖСАХ-ийг хэрэглэж байгаа эмэгтэйчүүдтэй ярилцлага хийх замаар үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэв.