
Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны байршлын онцлогоос хамааран шинжилгээний сорьцыг орон нутгаас тээвэрлэхэд цаг хугацаа болон тээврийн хэрэгслийн асуудал гарсаар байна. Энэ хүндрэлийг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх зорилгоор ЭМЯ, ЗТХЯ-ны сайд нарын баталсан хамтарсан тушаалыг үндэслэн агаарын тээврийн “Аэромонголиа” болон газрын тээврийн “Монгол шуудан” компаниудтай хамтарч ажиллах, сорьц тээвэрлэлтийн ложистикийн асуудлаар хамтран ажиллах тухай яригдлаа. Мөн энэхүү байгууллагуудын төлөөлөгч нарыг оролцуулж холбогдох ажил үүргийн төлөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагуудад танилцууллаа. Мөн энэ үеэр ирэх долоо хоногт нийслэлийн төвийн 6 дүүрэгт PCR шинжилгээний иж бүрэн лаборатори үйл ажиллагаагаа эхлүүлэхээр тоног төхөөрөмжөө хүлээн авч суурилуулан бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл мэдээллээ. Харин аймгуудын хувьд шинээр 14 аймагт молекул биологийн лаборатори байгуулахаар төлөвлөж, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх бэлтгэл ажлуудыг эрчимтэй эхлүүлээд байна гэнэ. Тодруулвал лабораторийн тоног төхөөрөмжийн эхний захиалгууд энэ сарын 15,16-ны өдрүүдэд ирэх бөгөөд энэ сарын сүүл гэхэд бүх аймгууд PCR шинжилгээний иж бүрэн лабораторитой болох юм байна.
Одоогийн байдлаар Орхон, Дархан, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймгууд болон Замын-Үүд суманд молекул биологийн лабораториуд ажиллаж байна.
