ЭМСЯ-ны харъяа ЗӨСҮТ нь ОХУ-ын Эрхүү хот дах Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Монгол, ОХУ-ын хил орчмын нутгийн тарваган тахал болон бусад байгалийн голомтот, зоонозын халдварын чиглэлээр олон жилийн туршид хамтран ажиллаж байгаа билээ.
ОХУ-ын Эрхүү хот дах Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгээс 2015 оны 11 сарын 18-19-нд Эрхүү хотод зохион байгуулсан “Тарваган тахал болон бусад халдварт өвчний хяналтын зохион байгуулалт” сэдэвт уулзалт–семинарт ЗӨСҮТ-ийн НЭМЭШТСА-ны дарга Д.Цэрэнноров, ТСТ-ийн тархвар судлагч Д.Отгонбаяр нар “Монгол орны тарваган тахал өвчний төлөв байдал, хамтын ажиллагааны үр дүн, чиглэл” илтгэлийг хэлэлцүүлж, 2016 онд хамтран гүйцэтгэх ажлын чиглэлийг тохиролцон оролцлоо.
Уулзалт–семинарт Эрхүү хот дах Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор С.В. Балахонов, тус хүрээлэнгийн орлогч захирал, албадын дарга нар, мэргэжилтнүүд, Эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагааг зохицуулах байгууллагын ерөнхий мэргэжилтэн Е.С.Зенкевич, Саратов хот дах тарваган тахал эсэргүүцэн судлах “Микроб” хүрээлэнгийн эпизоотогийн лабораторийн эрхлэгч Н.В.Попов, тус хүрээлэнгийн дархлаа судлалын тасгийн эрхлэгч С.А.Бугоркова, Москва хот дах тарваган тахал эсэргүүцэх төвийн орлогч захирал Ю.М. Фёдоров, Тува, Алтай, Өвөрбайгал, Хабаровск, Приморийн тарваган тахал эсэргүүцэн судлах станцуудын дарга нар, мэргэжилтнүүд оролцсон.
Монголын ЗӨСҮТ, ОХУ-ын Эрхүү хот дах тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтын ажиллагааны дагуу “Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр” (2016-2018 он)–ийн хүрээнд 2016 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг хэлэлцэн дараах асуудлыг шийдвэрлэв.
Үүнд:
• 2016 онд ОХУ-ын Алтай мужийн хилийн дагуух Баян-Өлгий аймгийн тарваган тахлын байгалийн голомтонд тандалт судалгааг гүйцэтгэх
• ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг молекул биологийн чиглэлээр ажлын байрны сургалтанд хамруулах
• Хамтын ажиллагааны 2012-2016 оны гэрээг дүгнэх, шинэчлэн байгуулах асуудлыг 2016 онд ажлын шугамаар шийдвэрлэх
Түүнчлэн ОХУ-ын Саратов хот дах тарваган тахал эсэргүүцэн судлах “Микроб” эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эпизоотогийн лабораторийн эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор Н.В.Поповтой байгалийн голомтын төөрөглөл хийх асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.
Зоонозын өвчин судлалын үндэсний төв