Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар хариуцаж байгаа билээ. Тэрээр Эрүүл мэнд, спортын салбарыг хариуцсан өдрөөсөө сахилга хариуцлага, дэг журмыг чанд сахин ажиллахыг нийт салбарынханд үүрэг болгож сануулж байсан. Үүнийгээ ч эрхэм сайд ажил хэрэг болгох үүднээс Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны “Сахилга, дэг журам, үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 449 дугаар тоот тушаалыг албажуулан гаргасан.
Энэхүү тушаалаараа салбарын анхан шатны нэгжээсээ удирдлагын түвшинд хүртэл хөнгөн шуурхай, хүнд сурталгүй, чирэгдэлгүй үзүүлэх, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа хандлагыг эрчимтэй сайжруулах, үйлчлүүлэгчдийг хүлээлгэж чирэгдүүлэх зөрчлийг гаргахгүй байх, зөрчил гаргасан тохиолдолд тухай бүрт нь хариуцлага тооцох улмаар “Авлиагүй- хүнд сурталгүй-шуурхай үйлчилгээтэй хамт олон” болгох зэрэг асуудлыг дэвшүүлжээ.
Түүнчлэн эрүүл, мэнд спортын салбарын бүх нэгж хэлтсүүд Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Шилэн дансны тухай хууль, Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийн дагуу холбогдох үйл ажиллагааынхаа мэдээллийг нийтэд ил тод болгон байршуулж, хэрэгжилтэнд нь тогтмол хяналт тавьж ажиллахыг ч үүрэг болгосон байна. Эмчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулснаар салбарын хэмжээнд эмч үйлчлүүлэгчдийн хороондын харилцаа шинэ шатанд гарч, гарсан хууль журмын хэрэгжилт ч хугацаа алдахгүй биелэгдэж үр дүн гарна хэмээн үзэж байна.