Дэлхий дахинаа 11 дүгээр сарын 16-22 хооронд “Антибиотикийн талаарх мэдлэг хандлагыг дээшлуулэх” долоо хоног хоног болгон тэмдэглэж буй. Энэ хүрээнд өнөөдөр ЭМСЯ-ны харьяа Эрүүл Мэндийн хегжлийн тевийн хурлын зааланд хэвлэлийн бага хурал боллоо.
Хуралд Эрүүл мэнд, спортын яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Манай орны хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний мэдлэг дутмаг, эмийг өөрийн дураар хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох, эмэнд хордох, дасал болох, антибиотик эмчилгээний үр нөлөө буурах, нянгийн халдвар хүнд явцтай явагдах, эмийн гаж нөлөө илрэх болсон талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Ч.Бат-Эрдэнэ мэдээлсэн. Харин Эрүүл мэнд, спортын яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэг хэлэхдээ “Эм бол зөвхөн онош тавигдсаны дараа хэрэглэх онцлог бүтээгдэхүүн. Гэтэл эмчийн заалтгүй, жоргүйгээр эмийг дур мэдэн хэрэглэх, жороор олгох эмийг эмийн сангууд жоргүй олгох, илэрч болох гаж нөлөөний талаар мэдээлэл өгдөггүй, хэрэгцээт эмийг оновчтой сонгоогүй байх нь эмийн зохисгүй хэрэглээг үүсгээд байна.
Өвчин туслаа гэхэд эмчид үзүүлж жор бичүүлэхгүйгээр эмийн сангаас эм авч адил үйлчилгээтэй олон эмийг ихээр уух, улмаар эмэнд хордох, эмийн гаж нөлөө илрэх, өвчнөө архагшуулах байдал нэлээд байна. Өвчин архагших гол хүчин зүйлүүдийн нэг нь эмийн зохисгүй хэрэглээ байдаг.
Зайлшгүй эм хэрэглэх болсон үед л өөрөөр хэлбэл эмийн бус эмчилгээгээр бүрэн засах боломжгүй буюу яаралтай тусламж шаардлагатай болсон үед хэрэглэнэ гэсэн үг. Эмийг замбараагүй дур мэдэн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Эмийн тун, хэрэглэх арга, тухайн өвчин эмгэгийг эдгээх эмийн тун хэмжээ, хэрэглэх хугацааг нарийн баримтлавал эм болдог үгүй бол хор болдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Эмийг өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэхийг эмчээс асууж хэрэглэх нь зүйтэй. Яагаад эмийг зохистой хэрэглэ гээд шаардаад байдаг юм бэ, Эм нь элдэв өвчнийг эдгээх, түүний хор хөнөөлөөс аврах, өвчнөөс сэргийлэх, зовиур шаналгааг хөнгөвчлөх ач тустай хэдий ч буруу хэрэглэвэл эм бүхэн нэгээс хэд хэдэн сөрөг хортой нөлөө үзүүлж болдог” хэмээн онцгой анхааруулсан.
Дээрх хурлаас иргэддээ анхааруулсан хэд хэдэн зөвлөгөө мэдээллийг хүргэе.
Антибиотик Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй. Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой. Антибиотикийн дасал гэж юу вэ? Хор уршиг. Өвчин үүсгэх нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисоноос антибиотикийн дасал үүсдэг.
Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь түүнд дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай
Хамгийн гол нь эмийг их хэмжээгээр хэрэглэсний улмаас эмийн хордлого, гаж нөлөө илэрч эхэлдэг.
Антибиотикийг зөв хэрэглэх:
• Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг зааврын дагуу хэрэглэх.
• Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмч зөвлөсөн тохиолдолд хэрэглэх.
• Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд хэрэглэх.
• Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглэх.
Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйл:
• Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал хэлээрэй.
• Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглэ. Зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л тариагаар хэрэглэх ёстой.
• Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй.
Антибиотик нь вирусын эсрэг үйлдэлгүй тул ханиадны эмчилгээнд ямар нэг үр нөлөөгүй болно. Өндөр хөгжилтэй улс орнуудад антибиотикийг ЗӨВХӨН ЖОРООР олгодог.
Эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзахийг зөвлөж байна.
Манай иргэдийн дунд дараах байдлаар эмийг зохисгүй хэрэглэх явдал олонтаа гарч байгааг сануулахад илүүдэхгүй
• Хэрэгцээгүй буюу эмчийн заалтгүй эм хэрэглэх
• Хэрэгцээт эмийг хэрэглэхгүй байх, эсвэл хэрэгцээт эмийг оновчтой сонгоогүй байх
• Эмийн тун, хэрэглэх цаг, эмчилгээ үргэлжлэх хугацааг зөв баримтлахгүй байх
• Хэрэглэх арга оновчгүй байх, тарилгад хэт шүтэх
• Хэт олон эмийг нэг дор хэрэглэх
• Эмчид дутуу мэдээлэл өгөх
• Эмийн үр дүн илэрч болох гаж нөлөөний талаар дутуу мэдээлэл авах:
Иргэд эмийг хэрэглэхдээ юуг гол анхаарах шаардлагатай вэ? Та ямар төрлийн эмийг хичнээн хэмжээгээр хэрэглэх нь таны эмчлүүлэх гэж байгаа өвчнөөс хамаарна. Түүнийг таны эмч зааж зөвлөж өгөх ёстой.
Эмийг аль болох их хэмжээгээр хэрэглэвэл бие түргэн сайжирч эдгэрэнэ гэж хүмүүс боддог. Энэ бол худал атлаа аюултай бодол юм. Эмийг хэтэрхий их хэмжээгээр хэрэглэсний улмаас эмийн хордлого, гаж нөлөө илэрдэг.